Өмнөд Солонгос, Их Британийн харилцааг стратегийн түншлэлд хүргэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ, 2023 оны арваннэгдүгээр сарын 21 /Korea Times/. БНСУ, Их Британийн эрх баригчид Өмнөд Солонгосын удирдагчийн Лондонд хийх төрийн айлчлалын үеэр хоёр талын “иж бүрэн, бүтээлч түншлэлийн харилцааг” “дэлхийн стратегийн түншлэл”-д хүргэж ахиулна гэж Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн тамгын газраас мэдээлэв.
Хоёр улсын харилцааны 140 жилийн ойг тохиолдуулан талууд Даунинг-стритийн хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. Тодруулбал, уг хэлэлцээрт Солонгосын хойгийн асуудлаарх Лондон, Сөүлийн нэгдмэл байр суурийг тусгаж, Украин, Ойрхи Дорнод, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн байдал зэрэг дэлхийн тулгамдсан асуудлуудад хариу арга хэмжээ авахад бэлэн байгааг тэмдэглэх болно. Мөн БНСУ, Их Британи НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, “G20” зэрэг олон улсын тавцанд хамтран ажиллахаар төлөвлөж байгааг мэдэгдэнэ.
Үүнээс гадна, "цэрэг-аж үйлдвэрийн цогцолборын салбарт хамтран экспорт хийх” тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдэв. Мөн "батлан хамгаалах чадавхтай” холбоотой асуудлаар түншлэлийг дэмжихээр төлөвлөж байгааг мэдэгдэх төлөвтэй байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль Их Британийн хаан III Чарльзыг хаан сэнтийд заларснаас хойш анхны төрийн айлчлалаа хийхээр даваа гарагт тус улсад хүрэлцэн иржээ.