Нидерландын парламентын ээлжит бус сонгууль болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-22 11:14:10

АМСТЕРДАМ, 2023 оны арваннэгдүгээр сарын 22. /ТАSS/. Нидерландын парламентын ээлжит бус сонгууль өнөөдөр болно. Энэ удаагийн сонгууль илт давамгайлах улс төрийн намгүй, улс төрийн хагаралтай үед болох гэж байна.


Олон нийтийн дунд хамгийн сүүлд явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд гурван нам ойролцоо санал авч эвслийн засгийн газар байгуулах магадлал өндөр байна.


Тус улс нь 17.9 сая хүн амтай бөгөөд 13.3 орчим сая хүн санал өгөх эрхтэй. Сонгогчид хууль тогтоох гол байгууллагын доод танхимын 150 гишүүнийг сонгох ёстой бөгөөд энэ сонгуульд 26 нам оролцох гэж байна.


Парламентын өмнөх сонгууль 2021 онд болсон бөгөөд одоогийн (үүрэг гүйцэтгэгч) эвслийн засгийн газар жил хагас орчим хугацаанд ажиллажээ. Дөрвөн намаас бүрдсэн тус эвслийн засгийн газар задарсны гол шалтгаан нь цагаачлалын асуудлаарх санал зөрөлдөөн байлаа. Тодруулбал, Нидерландад түр оршин сууж буй дүрвэгсдийн гэр бүлтэйгээ нэгдэх эрхийн асуудал байв. "Христийн холбоо" нам энэ асуудлыг идэвхтэй дэмжиж байсан хэдий ч "Эрх чөлөө, ардчиллын төлөөх ардын нам" (VVD) болон "Христийн ардчилсан уриа" (CDA) намаас дэмжлэг авч чадаагүй байна. Ихэвчлэн буулт хийхийг эрэлхийлж, сонирхогч бүх талд хүлээн зөвшөөрөгдсөн шийдлийг олохыг зорьдог Ерөнхий сайд Марк Рютте энэ маргаанд илт сөргөлдөх хандлага баримталсан нь олон шинжээчдын анхаарлыг татсан юм. Үүний дараа тэрбээр улс төрөөс явах бодолтой байгаагаа мэдэгджээ.

 

Холбоотой мэдээ