ХӨВСГӨЛ: Зам тээврийн ослоос сэргийлэх 7 хоног эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт зам тээврийн ослоос сэргийлэх 7 хоног эхэллээ.
Тус аймагт өнгөрсөн онд осол, гэмтлийн шалтгаант нас баралтын 43 хувь нь суудлын авто машины, 13 хувь нь мотоциклийн, 17 хувь нь хүнд даацын авто машины ослоос үүдэлтэй байсан бол 9 хувь нь явган зорчигч авто машинд мөргүүлсний улмаас амиа алдсан байна.
Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газар замын хөдөлгөөний аюулгүй байдлын долоо хоногийн хүрээнд иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Зам тээврийн ослын улмаас гэмтсэн иргэдийн 43.5 хувь нь мотоциклтэй, 25.7 хувь нь суудлын авто машинтай, 5.6 хувь нь дугуйгаар замын хөдөлгөөнд оролцож байхдаа осолд өртсөн байна.
Тус аймагт явганаар замын хөдөлгөөнд оролцох үед авто машины осолд өртсөн тохиолдол ослын шалтгаант нас баралтын 9 хувь, ослын шалтгаант өвчлөлийн 6.5 хувийг эзэлж байна. Иймд иргэд, хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчид болон сурагчид өөрийгөө болон бусдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.
Тухайлбал, явган хүний гарцаар гарах, зам хөндлөн гарахдаа утсаар ярихгүй байх, тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх, гэрлэн дохио болон замын тэмдгийг мөрдөх зэрэгт анхаарч, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.