Э.Номиндарь: “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд байгаль орчны тогтвортой, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэртэй болсон

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2026-04-28 14:05:51

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад байгаль хамгааллын байнгын тогтвортой санхүүжилт олон жил тулгамдсан асуудал байсаар ирсэн. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монголын Байгалийн Өв Санг үүсгэн байгуулж, "Өнө мөнхийн Монгол" байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ талаар Монголын Байгалийн Өв Сангийн гүйцэтгэх захирал Э.Номиндарьтай хийсэн ярилцлагыг хүргэж байна. 


-Байгаль хамгаалахад “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөр ямар үүрэг, ач холбогдолтой вэ?

-Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлдэг энэ хөтөлбөр нь маш онцлогтой. Нийт 200 сая ам.доллароор 15 жил хэрэгжих юм. БОУАӨЯ, Монголын Байгалийн Өв Сан, Де Нейче Консерванси буюу The Nature Conservancy (TNC) байгууллагууд хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр нь тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг тэлэх, менежментийг сайжруулах, байгаль хамгаалалд нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх үндсэн 3 зорилготой. 


Сүлжээг тэлэх зорилгын хүрээнд одоогоор Монгол орны нутаг дэвсгэрийн 21 хувийг хамгаалтад авсан байгааг олон улсын болон Монгол Улсын зорилтууд, манай улсын 1997 онд анхлан санаачилж дэлхий нийтэд зарласан нийт нутгийн 30 хүртэл хувийг улсын тусгай хамгаалалтад авах стратегийн санаачилгатай нийцүүлэх бодлого, судалгааны ажилд дэмжлэг үзүүлнэ. Монгол Улс 1997 онд нийт газар нутгийн 30 хүртэл хувийг улсын тусгай хамгаалалтад авах стратегийн санаачилгыг НҮБ-ын түвшинд зарлаж, дэлхий нийтэд үлгэрлэж байсан түүхтэй шүү дээ. 


Түүнчлэн энэхүү байгаль, түүх, соёлын хамгийн өндөр үнэ цэн бүхий, үзэсгэлэнт газруудын байгаль хамгаалал, аялал жуулчлалын менежментийг сайжруулах, стандарт хангасан суурь дэд бүтэц бүрдүүлэхэд грант олгоно. Цаашлаад тусгай хамгаалалттай газар нутаг, орчны бүсийн малчид, иргэдийн оролцоотой байгаль хамгаалах, амьжиргааг нь дэмжиж нийлүүлэлтийн сүлжээнд холбох, байгалийн нөөцийн хамтын менежментийг зөв хийхийг зорьж байна. Байгаль хамгаалах тогтвортой санхүүжилтийн урт хугацааны тогтолцоог бий болгож байгаа гэсэн үг. 


-Байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Дээр дурдсан 200 сая ам.долларын 71 саяыг нь олон улсын хандивлагчид TNC байгууллагаар дамжуулан сайн дураараа хөтөлбөрт хандивласан. Үүний 21 саяыг нь хуримтлалын санд байршуулж, жил бүр хүүгийн орлогоос бий болох хуримтлалаар байгаль хамгаалах төслийг санхүүжүүлнэ гэсэн үг. Үндсэн хөрөнгөө үрэхгүй байх нь тогтвортой, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр болж буйгаараа онцлог. Засгийн газар үүн дээр нэмээд хөтөлбөрийн хүрээнд 127 саяыг бүрдүүлэх амлалт өгсөн. Тодруулбал, тусгай хамгаалалттай газар нутгийн  бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, шинэ төрлийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар тусгай хамгаалалттай газар нутагт чиглэсэн санхүүжилтийг нэмэх амлалт өгсөн.


Манай орны тусгай хамгаалалттай газар нутагт нэвтрэхэд авдаг хураамжийг бусад улсынхтай харьцуулахад маш бага. Хураамжийг өнгөрсөн жил тодорхй хэмжээнд нэмсэн ч бүрэн авч чадахгүй байгаа. Удахгүй цахим болгож энэ асуудлыг шийднэ. Мөн байгаль хамгааллын шинэ хураамж нэвтрүүлнэ.


Жуулчид виз мэдүүлэхэд байгаль хамгаалалтай холбоотой тусгай хураамж авдаг орнууд бий. Шинэ Зеланд гэхэд 100 ам.долларын хураамж авдаг. Үүгээр нь ариун цэврийн байгууламж зэрэг дэд бүтцийг шийддэг.


Аялал жуулчлал хөгжүүлэх бодлого чухал ч нөгөө талдаа байгальд сөрөг дарамт ирж байдаг. Иймээс байгальд аялж зугаалж байгаа бол түүнийг хамгаалахад хөрөнгө оруулах ашиглалтын зохистой тогтолцоо бий болгосноор урт хугацаанд үнэ цэнтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх нь эдийн засаг, байгаль хамгааллын бодлогод аль алинд нь ач тустай. 


-Байгаль хамгааллын санхүүжилтийг аль чиглэлд түлхүү өгч, төсөл, хөтөлбөрийг ямар шалгуураар сонгодог вэ?

-Санал болгож буй төсөл улс, үндэсний хэмжээний бодлого, хэрэгцээ шаардлагад нийцсэн, бодит үр дүн гарахуйц байх ёстой. Цэнгэг ус, ургамал, амьтан, ойн бүсийг хамгаалах үр дүнг бодитоор хэмжих, мөн төсөл хэрэгжүүлэх байгууллагын туршлага, бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн ажлын түүх чухал. 


Байгаль хамгаалал нь хамтын ажиллагаанд суурилдаг тул төрийн байгууллага, орон нутгийн иргэд, малчидтай хэрхэн хамтарч ажиллаж, тэдний оролцоог нь яаж хангасныг харна. Төсөл хэрэгжүүлэх үед амжилттай байснаа санхүүжилт зогсохооор үр дүнгүй болчихдог. Тиймээс тухайн төсөл дууссаны дараа өөрийгөө санхүүжүүлэх, бие даах боломжийг чухалчилж үздэг. Тухайн төсөл хөтөлбөрийн онцлогоос хамаараад өөр байх нь бий. 


Түүнчлэн, санхүүжүүлэгч ТNC байгууллагын судалгаагаар экологийн бүс нутгийн үнэлгээ хийж, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээг тэлэхдээ аль газрыг нь чухалчлахыг тодорхойлсон байгаа.


Монгол оронд байгаль хамгаалах хэрэгцээ шаардлага бүх газар бий. Нөөц санхүүжилт хязгаарлагдмал учир хаана хөрөнгө оруулбал нэг дор олон төрөл зүйл, экосистемийг хамгаалж болохыг харгалзана. Уг экологийн бүс нутгийн үнэлгээг БОУАӨЯ-ны удирдлага дор шинэчилж байгаа бөгөөд олон чиглэлийн мэргэжлийн болон дотоодын байгууллагатай хамтарна. Шинэчлэлийн дараа одоо хамгаалсан газрууд дотроос алийг нь чухалчилж, ямар төрлийн хөрөнгө оруулах, хамгаалалтад шинээр аль газрыг нь авах, алийг нь нутгийн иргэдийн оролцоотой байгалийн нөөцийн хамгаалал хийх гэдэг тодорхой стратеги гарч ирэх юм.


БОУАӨЯ-тай хамтраад тусгай хамгаалалттай газар нутгийн замын стратегийг ирэх 6 дугаар сар гэхэд бэлэн болгоно. Ингэснээр урт, дунд хугацаанд аль газарт ямар хамгааллын бодлого зохицуулалт, менежмент явуулах, санхүүжилт хийх үндэсний хэмжээний төлөвлөгөөтэй болох юм. 


-Төсөл санхүүжүүлэх доод, дээд хязгаар гэж бий юу? 

-Зарлаж буй төсөл, хөтөлбөрийн онцлогоос хамаарна. Өнгөрсөн онд олон нийтэд чиглэсэн тусгай хамгаалалттай газар нутгийн мэдлэг мэдээлэл, боловсролын гээд 40-50 сая төгрөгийн жижиг грант олгосон. Байгаль хамгаалал, тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд манай сангийн фэйсбүүк, вэбсайт, бусад мэдээллийн хэрэгслээс мэдээлэл аваад, зарласан грантад материалаа ирүүлэх боломжтой. Шалгаруулалтыг өрсөлдөөн, уралдааны зарчмаар явуулж, хамгийн сайн санал боловсруулж, тодорхой зорилгод нийцсэн төслийг сонгоно. Төслийн үнэлгээг хараат бус Техникийн Үнэлгээний Хороо үнэлгээ хийж, Сангийн Удирдах зөвлөлөөр батлуулдаг. 


-Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард “Тусгай хамгаалалттай газар нутгийн хурдасгуур” хөтөлбөрийн грант зарласан. Энэхүү хөтөлбөрийн тухай дэлгэрүүлж мэдээлэл өгнө үү?

-Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаадад менежмент санхүүжилтийн хэрэгцээ их байдаг ч төсвийн болон бусад санхүүжилт хязгаарлагдмал, тогтворгүй байж ирсэн. Иймд уг хөтөлбөрийн хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгааллын менежментийг цогц байдлаар сайжруулахыг дэмжих юм. Зөвхөн санхүүжилтээр зогсохгүй техникийн туслалцаа үзүүлж, нэгдсэн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Эхний ээлжинд энэ онд хөтөлбөрт хамрагдах тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын 11 захиргааг сонгож, 6-8 сар бэлэн байдлын хөтөлбөрт хамруулна. Санхүүжилт олгохоос өмнө менежментийн төлөвлөгөө гаргах ёстой. Тухайн Тусгай хамгаалалттай газар нутагт байгаль хамгаалал, аялал жуулчлал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө боловсруулах юм. Үүний дараа төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх, менежментээ сайжруулах грант хүсэх боломжтой. Энэ нь хоёр ангилалтай. 500 сая төгрөг нь дунд хэмжээний төсөлд олгох грант. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн гурван захиргааг тусгайлан сонгож жишиг грант буюу 3 хүртэл тэрбум төгрөгийн санхүүжилт олгох боломж байгаа. Үүгээр тусгай хамгаалалттай газар нутгийн байгаль хамгааллын менежментийн зөв жишиг загвар ямар байхыг харуулна. Байгалийг яаж хамгаалах, тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг хэрхэн бүрдүүлдэг, орон нутгийн иргэдтэй яаж хамтарч ажиллах, байгаль хамгааллын судалгаа үр дүн мониторинг яаж хийдгийг харуулсан загвар бий болгох юм. 


-Монголын Байгалийн Өв Сангаас Засгийн газраас УИХ-д өргөн барьж батлуулахаар төлөвлөж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах гол санал юу байна вэ?

-Дээрх хөтөлбөрүүдэд дурдсан гол чиглэлийг тусгах ёстой. Хуулийг шинэчилж байгаа бол зөвхөн батлах бус бодит нөхцөл байдалд санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэхийг шийдвэрлэх нь чухал. Монгол оронд 120 гаруй тусгай хамгаалалттай газар нутаг байдаг. Судалгаагаар менежментийн 30 орчим төлөвлөгөөг хэрэгжүүлэх жилийн санхүүжилтийн хэрэгцээ нь 10 гаруй тэрбум төгрөг. Тусгай хамгаалалттай газар нутгийн үйл ажиллагааны суурь зардлыг харахад 30 тэрбум. Үүний санхүүжилтийг хаанаас гаргах эрх зүйн орчныг бүрдүүлсэн хууль баталвал сая шинэчлэл болно. Санхүүгийн шинэчлэлийн хамт үр дүнд суурилсан санхүүжилт, төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.


Мөн Засгийн газар, яам, манай сан ч нэг адил төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжиж байгаа. Төр энэ олон газрыг өөрөө хамгаалаад төсөв хуваарилаад явах хэцүү. Олон улсад байдаг боломжит загвар бол ТББ, нутгийн иргэдийн оролцоотой хамтын менежмент юм. Тухайлбал хамгаалж буй газар аялал жуучлалын бүстэй давхцаж байвал зарим үйл ажиллагааг хувийн хэвшилтэй хамтран байгаль хамгаалах гэрээ байгуулж, хувийн хэвшил тодорхой орлого олох боломжийг бүрдүүлдэг. Эдгээр зохицуулалтыг хийж, Тусгай хамгаалалттай газар нутгийн ангиллыг олон улсын жишигт нийцүүлэх гэх мэт менежменттэй холбоотой асуудлыг ч шинэ хуулиар шийдэх ёстой. Энэ мэт шаардлагатай өөрчлөлтийг багтаасан, тусгай хамгаалалттай газар нутагт тулгамдаад буй асуудлуудыг цогцоор нь шийдэх сайн хууль батлагдана гэж найдаж байна. 



МОНГОЛЫН БАЙГАЛИЙН ӨВ САН

-Байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх 

бие даасан, хараат бус итгэлцлийн сан-


Монголын Байгалийн Өв Сан (Сан) нь 2024 оны 4 дүгээр сард үүсгэн байгуулагдсан, монгол орны биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль орчныг хамгаалахад тогтвортой санхүүжилт олгодог бие даасан, хараат бус, байгаль хамгааллын итгэлцлийн сан юм. 


Сангийн үндсэн зорилго нь байгаль хамгааллын үйл ажиллагааг урт хугацаанд, тогтвортой санхүүжүүлэх тогтолцоог бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд грант (тэтгэлэг), хамтын санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бусад санхүүгийн шинэлэг хэрэгслүүдийг нэвтрүүлэх зэргээр байгаль хамгааллын өндөр үр нөлөөтэй төсөл, хамтын ажиллагааг санхүүжүүлж, нийгэмд ээлтэй тогтвортой хөгжлийг цогцлоох зорилгыг дэмжин ажилладаг.


Тодруулбал, байгаль хамгааллын санхүүжилтийн тогтвортой механизм бүрдүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр байгалийн нөөцийн менежмент, хамгааллын төслүүдэд хөрөнгө оруулах, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн менежментийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн хүртэх өгөөжийг нэмэх бодлого баримталдаг. Энэ хүрээнд БОУАӨЯ, The Nature Conservancy in Mongolia (“Дэ Нэйче Консерванси Монгол”) байгууллагатай хамтарч олон улсын сайн туршлагад тулгуурлан монгол орны байгаль орчныг урт хугацаанд тууштай хамгаалахыг зорьж байна. 


Монголын Байгалийн Өв Сан нь олон улсын донор байгууллагаас мөнгө босгож, байгаль хамгааллын ногоон төслийг санхүүжүүлдэг шинэ төрлийн зуучлалын байгууллага. Ашгийн бус, мэргэжлийн бие даасан үйл ажиллагаа явуулж, Засгийн газар, БОУАӨЯ, “Дэ Нэйче Консерванси Монгол” байгууллагатай хамтран “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөр хэрэгжүүлж байна. 


Монгол Улсад байгаль хамгаалах санхүүжилт дутагдалтай, улсын төсөв, олон улсын байгууллагаас санхүүждэг ч энэ нь тогтвортой бус байдаг. Тиймээс төсөл хэрэгжүүлэх хугацаанд тухайн ажил дээр үр дүн гардаг ч санхүүжилт зогсохоор үр дүн байхгүй болдог. Олон улсад энэ асуудлыг шийдэх мехниам нь санхүүгийн итгэлцлийн сан байдаг бөгөөд Бразил, Коста Рико, Бутанд ийм загвар сангууд амжилттай үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр сан нь Засгийн газартай ойр ажиллаж, төрийн бодлогыг дэмжин, шаардлагатай санхүүжилтийг бүрдүүлдэг. Монголын Байгалийн Өв Сан бол амжилттай ажиллаж буй байгаль орчны итгэлцлийн сангийн жишиг, салбарын хэрэгцээ шаардлагын дагуу байгуулсан төрийн бус байгууллага юм.


Тус сан биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд шаардлагатай санхүүжилтийг төрөл бүрийн эх үүсвэрээс босгож, АНУ-д төвтэй олон улсын байгаль хамгаалах төрийн бус байгууллага The Nature Conservancy (TNC) байгууллагаар дамжуулан “Өнө Мөнхийн Монгол” хөтөлбөрийн хүрээнд төслүүдэд хуваарилж байна. Мөн Монголын хувийн хэвшлийн байгууллагатай хамтран төсөл санхүүжүүлэх боломжийг судалж байгаа бөгөөд үүгээрээ биологийн олон янз байдлыг хамгаалах үр дүнтэй төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх юм. Түүнчлэн БОУАӨЯ-наас боловсруулж буй Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж, батлуулахад шаардлагатай техникийн тусламж дэмжлэг үзүүлж ажиллаж байна. 


Монголын Байгалийн Өв  Сан нь Удирдах зөвлөлийн 9 гишүүнтэй. Үүнд төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм зэрэг олон талын төлөөлөл багтдаг. Удирдах зөвлөл эцсийн шийдвэр гаргаж, байгууллагыг удирдан чиглүүлдэг. 


#ӨНӨ_МӨНХИЙН_МОНГОЛЫГ_ХАМТДАА_БҮТЭЭНЭ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Дэ Нейче Консерванси Монгол дахь төлөөлөгчийн газар - The Nature Conservancy in Mongolia (TNC)

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

"Өнө Мөнхийн Монгол" хөтөлбөр

Холбоотой мэдээ