ДАРХАН-УУЛ: 321 иргэнд өмчлөх, эзэмших зориулалтаар газар олголт хийгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-11-23 15:24:30

Дархан, 2023 оны арваннэгдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн засаг дарга Дархан сумын хэмжээнд иргэн бүрд өмчлөх 0.7 га газрыг олгох боломжгүй гэдгийг өмнө нь мэдэгдсэн. Гэр хорооллыг тэлэхгүй, дахин төлөвлөлт хийж, орон сууцжуулах, амины орон сууц барих зорилгоор дэд бүтцийг үе шаттай шийдвэрлэж байна. Харин иргэд өмчлөх болон эзэмших газрын зөвшөөрлийг бусад сумдад олгохыг шаардсан. Энэ хүрээнд Хонгор сумын нутагт газар эзэмших, өмчлөх өргөдөл авч шийдвэрлэхээр болсон.


Ингэхдээ өргөдөл өгсөн хүн бүрд олгох боломжгүй бөгөөд санамсаргүй түүврийн аргаар программ ашиглан өргөдөл өгсөн иргэдээс сонгогдох нөхцөлөөр сонгон шалгаруулах ажлыг өчигдөр зохион байгууллаа.


Нийт 9326 иргэн тус суманд газар эзэмших, өмчлөх өргөдөл өгснөөс 321 иргэнд газар олголт хийгдсэн аж.


Тодруулбал ирэх жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дагуу эзэмших зориулалтаар зулзагын голд 85 иргэнд, өмчлөх зориулалтаар гурван шар орчимд 100,  Нарлаг хэсэгт 70,  Зам хэсэгт 18, Замчин хэсэгт 48 нийт 321 иргэнд газар олголтыг хийжээ.


Санамсаргүй түүврийн аргаар сонгогдох программын тусламжтай, иргэдийн хяналтад тулгуурлан ил тод байх зарчмыг баримтлан газар олголт хийсэн аж. Газар олголтод хэн нэгэн нөлөөлөх боломжгүй, мэдээллийн аюулгүй байдалд аудитын дүгнэлт ирсэн учир давуу байдал үүсгэх боломжгүй гэж тус сумаас газар олгохоор байгуулагдсан ажлын хэсгийнхэн мэдээлэлдээ онцолжээ.


Санамсаргүй сонголтын аргаар газар эзэмших, өмчлөх сонгон шалгаруулалтад ашиглагдах программ хангамжийг нийлүүлэх гэрээг программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг Ап Пак ХХК-тай байгуулсан аж. Программын аюулгүй байдлыг хангахад Idea development байгууллага хамтран ажиллажээ.

Холбоотой мэдээ