ХОВД: Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагчдын анхдугаар зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-11-24 15:47:11

Жаргалант, 2023 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч нарын анхдугаар зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгууллаа.   

Ховд аймгийн хэмжээнд өрхийн эрүүл мэндийн байгууллагатай ажил амьдралаа холбосон 100 гаруй хүн бий.  Үүнээс 70 гаруй эмч, сувилагч, ажилтнууд нь одоо зургаан өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан 40 мянга гаруй иргэнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. 


Дээрх зөвлөгөөний зорилго нь Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байгаа сувилагч нарын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, харилцаа хандлагыг сайжруулах, ахмад, дунд, залуу үeийн сувилагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, харилцан туршлага судлах боломжийг өргөжүүлэхэд чиглэж байна.  


Зөвлөгөөний явцад өрхийн эмнэлгийн сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг өргөжүүлэх арга замыг эрэлхийлж, Өрхийн эрүүл мэндийн төвийн онцлох ажлыг танилцуулсан бөгөөд гэрийн сувилахуй, харилцаа хандлага, ёс зүйн чиглэлээр сургалт хийж, хэлэлцүүлэг өрнүүллээ.    

Энэхүү зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөл, Сувилахуйн зөвлөл хамтран ажиллав.   

Холбоотой мэдээ