Зөрчилтэй 33 дуут болон гэрэл дохиог хураав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-09-22 16:15:41

Хууль зүй, Дотоод хэргийн сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Лицензийн төв, Замын цагдаагийн газартай хамтран “Тусгай дуут болон гэрэл дохио” арга хэмжээг энэ сарын 12-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байна. 

Уг ажлын хүрээнд эхний 10 хоногт холбогдох журмыг зөрчин замын хөдөлгөөнд оролцож байсан 118 зөрчлийг илрүүлжээ. Тодруулбал, дуут болон гэрэл дохионы зөвшөөрлийн хугацаа дууссан ч үргэлжлүүлэн ашигласан 43, өөр өнгийн гэрэл дохио хэрэглэсэн 34, тусгай дуут болон гэрэл дохио зөвшөөрөл аваагүй ч хэрэглэж байсан 39, зөвшөөрлийг хуурамчаар үйлдсэн 2 зөрчил, дутагдал илэрчээ.

Энэ аяны хүрээнд зөрчилтэй 33 тусгай дуут, гэрэл дохиог хураан авчээ. Түүнчлэн холбогдох хуулийн дагуу 54 жолоочийг нийт 3 сая 456 мянган төгрөгөөр торгож, дүүргүүд дэх Замын цагдаагийн тасгаас харъяа байгууллагад зөрчлийг арилгах талаар 11 мэдэгдэл, шаардлага, зөвлөмж хүргүүлсэн  аж.

Б.Туул

Холбоотой мэдээ