“Дүншигийн чуулган” үзэсгэлэнд 44 метр урттай сүрлэг зээгт наамлыг дэглэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2023-11-28 15:25:39

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран “Дүншигийн чуулган” тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.


Нээлтийн үеэр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал П.Байгалмаа 1938 оноос хойш 85 жилийн дараа энэхүү “Дүншигийн 35 бурхан” торгон зургийг нэгэн дор “Дүншигийн чуулган” үзэсгэлэнгээр дамжуулан олны хүртээл болгож буйг онцлов.


Тэрбээр хэлэхдээ, “Дүншигийн 35 бурхан” бүтээл Монголын дүрслэх урлагийн томоохон төрөл болох зээгт наамлын урлагт зүй ёсоор багтдаг. Зээгт наамлыг монументальный буюу сүрлэг, том хэмжээтэй бүтээдэг байсан. Дүншигийн 35 бурханыг XX зууны эхэн үеийн Их хүрээний уран гартай үйлчид хийж гүйцэтгэсэн. Дүрслэх урлаг талаас нь онцлоход, өнгөний хоршлыг маш чадварлаг шингээж өгсөн, доторх дүрсний харьцаа, хэмжээг тултал нь хийж өгсөн. Гүйцэтгэлийг маш гайхамшигтай хийсэн. Тухайн бүтээлийг дуусгаж чадна гэдэг бол уран бүтээлч хүний авууштай чанар юм. Тухайн үед урлаачид өөрсдийн итгэл үнэмшил, сүсэг бишрэлдээ тулгуурлаж энэхүү бүтээлийг дуусгах гол нөхцөл нь болсон болов уу. Энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан зээгт наамлын урлагийг өвлөж уламжлах хүмүүст нь таниулах, хүргэх, мэргэжлийн сургуулийн оюутнууд үзэж судлахаас гадна энэ бүтээлүүд Гандантэгчэнлэн хийд болон манай музейгээс гадна өөр газарт хадгалагдаж байх магадлалтай. Эсвэл цорын ганц байх ч боломжтойй. Тиймээс үүнийг олон түмэнд нээх, мэдээллийг цуглуулснаар цаашид хадгалах, хамгаалах ажил энэхүү үзэсгэлэнгээр эхэлж байна. Мөн Монгол улс 2023 оны 9 дүгээр сарын 10-25-нд Саудын Арабын Хаант Улсад болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 45 дугаар чуулганаар “Буган чулуун хөшөө, хүрлийн үеийн холбогдох дурсгалууд” өвийн газрыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлсэн. Тиймээс зээгт наамлын урлагийг ЮНЕСКО-гийн Соёлын өвд бүртгүүлэхэд энэхүү үйл ажиллагаа хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.


Үзэсгэлэнд Их хүрээний Тойсүмлингийн аймгийн Лувсандорж, Зоогойн аймгийн Хасгомбо нарын хар зургаар Их хүрээний Сангайн аймгийн үйлчид XX зууны эхэн үед өөрсдийн сайн дурын хөрөнгөөр бүтээсэн 13 метр урттай 4 хэсэг нийт 44 метр урттай сүрлэг зээгт наамлуудыг дэглэн үзүүлж байна. 


“Дүншигийн 35 бурхан” торгон зургийн бүтээлүүд нь Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчин дуганд байсан гэдэг аман хууч яриа байдаг. Энэхүү дөрвөн хэсгийн 1280х270 см хэмжээтэй нэг нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд, Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд 1377х220 см, 1360х220 см, 515х200 см хэмжээтэй гурван хэсэг нь хадгалагддаг аж. Дүншигийн 35 бурхны агуулга нь Бурхан багш тэргүүтэй 35 бурхны өмнө бие, хэл, сэтгэлийн үүднээс хийсэн нүгэл хилэнцийг дурдан наманчилж, бурхны хутгийг олохыг даатгадаг ажээ.


Энэ тухай Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Да лам Х.Бямбажав, “Нүгэл хилэнц наманчлах олон арга бий. Дүншигийн 35 бурханд залбирах, дүрийг нь харах, нэрийг нь сонсох төдийд нүгэл хилэнц арилна гэж бурхан багшийн үеэс ном сургаалд айлдсан байдаг. Тиймээс монголчууд эрт дээр үеэс Дүншиг 35 бурханыг бүтээдэг, залбирдаг, өөрийн хийсэн хилэнц нүглээ наманчилдаг ёстой. Дүншигийн 35 бурханд мөргөхөд 35 төрлийн нүгэл арилна гэдэг” хэмээв.


Бүтээлийг урлахдаа Бурхан багш, Богд Зонховыг бадам цэцгэн суурин дээр Өндөр гэгээн ГЗанабзарыг олбог дээр номын өмсгөлтэй урлан бүтээжээ. Тэдгээрийн хоёр талаар нь Дүншигийн бурхдыг дөрөв, дөрвөөр нь шар лагшинтай, тэргүүн нь элдэв чимэггүй, үснирийг жүгдэрлэн, номын өмсгөлтэй, бад цэцгэн суудалтай дүрсэлсэн байна. Бурхдын ар дэвсгэрийг хөх торгоор, дээд талаар нь дэлгэрсэн цэцэг, урд талд нь 12 цэцгийн дэлбээн дунд хөх өнгийн том чандмань эрдэнэ байрлуулжээ. Гол дүрүүдийг чандмань эрдэнээр тойруулан хүрээлж, доод хэсэгт төрийн долоон эрдэнэ, найман тахил, таван мэдрэхүй зэрэг тахилуудыг цэцгэн мандал дээр суулгаж өгчээ. Эдгээрийн хооронд өнгө бүрийн цэцэгсийн дүрслэлээр  хээлэн чимж, бурхдын дүрүүдийн хооронд жанцанг чимэг болгожээ. Жанцангийн доор хатан сүйх, хаан бугуйвч, илд, судар, шүр, зааны соёо, зоосон хээ, хамар угалз, толь, цан, лавай, өлзий хээ, жимс, нацагдорж, очир зэргийг уран тансаг дүрслэн урласан байна.


“Дүншигийн чуулган” үзэсгэлэн 12 дугаар сарын 10-ныг хүртэл олны хүртээл болно.









Холбоотой мэдээ