УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилохыг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2023-11-28 17:34:51

Улаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох тухай асуудлыг хэлэлцэв.


Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 45.2-т, “Ерөнхий нарийн бичгийн дарга хууль зүйн өндөр мэргэшилтэй, төрийн албаны удирдах ажлын туршлагатай байх бөгөөд түүнийг УИХ-ын даргын санал болгосны дагуу УИХ томилж чөлөөлнө” хэмээн заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилуулах саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлжээ. УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өөр албан тушаалд томилогдсон тул Д.Энхбатыг томилуулахаар санал болгосон байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүд асуулт асууж, тайлбар авсан юм. Үүний дараа УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж, Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь дэмжив.


Д.Энхбат нь 1997 онд Нийслэлийн 78 дугаар дунд сургууль, 2001 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалсан. 2009-2017 онд УИХ-ын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст зөвлөх, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ахлах зөвлөх, 2017-2022 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт-шалгалт, үнэлгээ, дотоод аудитын газар, Салбарын удирдлага, зохицуулалтын газарт Засгийн газрын ахлах референт, 2022 онд УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын хуралдаан зохион байгуулах хэлтсийн дарга, мөн оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын байнгын хорооны асуудал хариуцсан хэлтсийн даргаар ажиллаж буй. Тэрбээр төрийн албанд 15 жил, үүнээс 11 жилд нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байгаа дадлага туршлагатай төрийн албан хаагч аж.

Холбоотой мэдээ