Гал зогсоох хугацааг сунгах асуудлаарх хэлэлцээ үргэлжилж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРДОХА, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /BBC/. Газын зурваст гал зогсоох тохиролцоо дуусгавар болж байгаатай холбоотойгоор Египет, Катарын зуучлагчид уг тохиролцоог сунгах асуудлыг Доха хотноо хэлэлцэж байна.
Хүмүүнлэгийн үүднээс гал зогсоосон хугацааг дахин сунгахад бэлэн гэдгээ Израил, ХАМАС бүлэглэлийн аль аль нь илэрхийлжээ. Талуудын хүрсэн энэхүү тохиролцооны хүрээнд 10 дугаар сарын 7-нд ХАМАС-т барьцаалагдсан хүмүүсийг Израилын шоронгуудад хоригдож буй палестинчуудаар солилцон суллаж, Газын зурваст нэн шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг хүргэж эхэлсэн юм.
Газын зурваст одоогийн
байдлаар 160 орчим хүн барьцаанд байгаа бөгөөд зөвхөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг суллаад байгаа юм. Барьцаалагдсан хүмүүсийг суллах дараагийн үе шатанд эрэгтэйчүүд, цэргийн алба хаагчид суллагдах төлөвтэй байна.
Хэлэлцээнд шууд оролцсон
АНУ-ын төлөөлөгчид барьцаанд байгаа бүх хүнийг суллах хүртэл гал зогсоох хугацааг сунгах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Гэвч ХАМАС-ын
зүгээс олзлогдсон зарим хүний байршлыг мэдэхгүй байгаа нь үүнд саад болж байна.
Израилын эрх баригчдын хувьд нутагтаа эргэн ирсэн израил хүн тутамд Израилын шоронгоос гурван палестиныг суллаж байгаа одоогийн механизмыг үргэлжлүүлж болно гэж үзэж байна. Шинэчилсэн тохиролцоогоор гал зогсоох хугацааг олон хоногоор сунгах уу, эсвэл өдөр өдрөөр сунгах уу гэдэг нь тодорхойгүй байна.