Монгол Улс зэсийн нөөцөөр дэлхийд 7, баяжмалын экспортоор 6-д орж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар, 2023 оны арваннэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улс зэсийн нөөцөөр
дэлхийд 7 дугаарт, зэс олборлолтоор 13, зэсийн баяжмалын экспортын худалдаагаар
6 дугаарт, БНХАУ-ын зэсийн баяжмалын импортын худалдаанд 3 дугаар байрыг тус
тус эзэлж байна.
Энэ бол манай улсын Оюутолгой
болон “Эрдэнэт” үйлдвэрийг дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэртэй харьцуулсан, олон
улсын өрсөлдөх чадварын судалгааны үзүүлэлт бөгөөд энэ талаар Үйлдвэр,
худалдааны дэд сайд асан, уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, Экспортлогчдын
холбооны тэргүүн, техникийн ухааны доктор Д.Галсандорж нар өчигдөр танилцуулсан
юм.
“Эрдэнэт” үйлдвэрийг анх ашиглалтад хүлээн авахад Засгийн газраас байгуулсан техникийн комиссын гишүүнээр ажиллаж, “Эрдэнэт” үйлдвэрийг гадаад, дотоодод төлөөлөн сууж байсан дээрх хоёр эрхэм “Оюутолгой, “Эрдэнэ” үйлдвэрийн олон улсын өрсөлдөх чадварын харьцуулсан судалгаа” бүтээлийг гаргажээ.
Уул уурхайн зөвлөх инженер О.Эрдэнээ, “Эрдэнэт үйлдвэр, Оюутолгойн уурхайг дэлхийн хэмжээний зэс үйлдвэрлэдэг 12 орны нийт 15 үйлдвэртэй харьцуулахад техник, технологи, нөөц боломж, одоогийн явуулж буй үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний өрсөлдөх чадвартай, дундаж үзүүлэлтэд байгаа. Цаашид манай улс зэсийн хоёр том үйлдвэрээ үр өгөөж, ашигтайгаар урт хугацаанд ажиллуулж, техник, технологийг улам боловсронгуй болгоход одоогийн байгаа бодит байдалд зөв дүгнэлт хийх ёстой. Бидний гаргасан ном үүнд чиглэсэн байгаа гэв.
Техникийн ухааны доктор Д.Галсандорж хэлэхдээ, “Бид олон улсын зэсийн салбар, тэр дотроо зэсийн үйлдвэрлэлийн үндэстэн дамнасан компаниудын үйл ажиллагаа, зэсийн олон улсын томоохон төслүүдийн гэрээ, тэдгээрийн хэрэгжилтийн судалгаанд үндэслэн номоо гаргасан”-ыг онцолсон юм. Тэрбээр, зэсийн үйлдвэрлэлийн олон улсын өрсөлдөх чадварыг зэсийн нөөц хэмжээ, олборлолт, баяжуулах хүчин чадал, зардал болон далд болон ил уурхайн нийлбэр хүчин чадлын хэмжээ, техникийн түвшин буюу зэсийн (тэр доторх алт, мөнгөний) металл авалтын хэмжээ зэргийг зэсийн томоохон уурхайтай харьцуулсан байдлыг харгалзан үзэж шалгуур үзүүлэлтээр дүгнэдгийг тодотголоо.
Дээрх шалгуур үзүүлэлтээр манай
улсын зэсийн уурхайн үйлдвэрүүдийг авч үзэхэд, Оюутолгойн уурхай 3.5 тэрбум тонн
хүдрийн нөөцөөр дэлхийн хэмжээнд тэргүүлэх уурхайны нэг болж байна.
Хүдрийн нөөцийг нь цэвэр металлаар авч үзвэл 44 сая тонн цэвэр зэс, 1185 тонн алт, 11.897 тонн мөнгө, 87 мянган тонн молибден болж, Оюутолгойн бүлэг ордууд дэлхийн тэргүүлэх Индонез улсын “Грасберг”, Чилийн “Эскондидо”-гийн уурхайн дараагаар дэлхийн зэсийн тэргүүлэх 15 үйлдвэрийн дотор 3 дугаарт орж буй аж. Ил уурхайн хүчин чадал дундаж түвшинд байгаа бөгөөд дөнгөж эхлээд буй далд уурхайн үйлдвэрлэл төслийн хүчин чадалд хүрээд ирэх үед дэлхийн эхний 5-д тооцогдох баяжуулах үйлдвэр болох төлөвтэй байна.