Mont-Yak сарлагийн сүүн брэндийг олон нийтэд худалдаалж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
batbold.sh@montsame.gov.mn
2023-12-05 09:37:27
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр Mont-Yak брэндийн сарлагийн сүүгээр хийсэн есөн төрлийн бүтээгдэхүүнээ өнөөдөр зах зээлд танилцуулж, олон нийтэд худалдаалж эхэллээ.


“АПУ Дэйри” Монгол сүүний үйлдвэр нь “Монгол Сарлаг”  гэр үйлдвэрлэлийн төслөө Архангай аймгийн Чулуут суманд 2022 оноос эхлүүлж, төслийн хүрээнд сарлагийн сүүгээр хийсэн уламжлалт сүү цагаан идээг эрүүл ахуй, чанарын шаардлага хангасан гэр үйлдвэрлэлийн стандартыг нэвтрүүлж MONT-YAK брэндийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна.


Мөн өнгөрсөн долоо хоногт Mont-Yak брэндийн Сарлагийн шар тос, Амтат хайлмаг бүтээгдэхүүн нь органик хүнсний баталгаажилтын SFCS компаниас “Шилжилтийн үеийн органик хүнс” гэрчилгээг албан ёсоор гардан авлаа.


Органик хүнсний гэрчилгээ нь хүнс үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд органикыг баталгаажуулсны үндсэн дээр авдаг баталгаажилтын гэрчилгээ юм.


Эдгээр бүтээгдэхүүн нь төслийн хүрээнд гэр үйлдвэрлэлийн эхний шатны боловсруулалтад нэмүү өртөг шингээн Чулуут сумын 30 өрхөөс түүхий эдээ хангаж Монгол Сарлагийн органик брэндийг хамтран бий болгож байгаагаараа онцлог юм.


Органик хүнс хэмээн баталгаажуулж буй  “АПУ ДЭЙРИ”-Монгол сүүний үйлдвэрийн сарлагийн эдгээр бүтээгдэхүүнд агуулагдах B12, цайр, уураг тэргүүтэй амин дэмийн үзүүлэлт үнээний сүүтэй харьцуулахад 1.5-3 дахин их байдаг. Тиймээс өндөр амин дэмт бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх энэхүү төсөл хүн амын эрүүл мэндэд эергээр нөлөөлнө хэмээн итгэж байгаа юм.

Холбоотой мэдээ