ДОРНОГОВЬ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-14 09:33:44

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Онцгой комисс хуралдаж цаг агаарын болзошгүй аюулаас сэргийлэх зорилгоор өнөөдрөөс эхлэн аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргалаа.


Энэ оны арванхоёрдугаар сарын 14,15-нд Дорноговийн нийт нутгаар ахиу цас орж, цасан шуурга шуурга шуурч, хүйтэрч байгалийн аюултай үзэгдэл болох нөхцөл үүсч болзошгүй байна. Тиймээс аймгийн хэмжээний ерөнхий боловсролын бүх сургууль 12 дугаар сарын 14-15-нд цахимаар хичээллэх, сургуулийн орчинд  олныг хамарсан ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахгүй, жолооч нар энэ хугацаанд алсын замд гарахгүй, малчид малаа ойр бэлчээж  хээр явахгүй байх зэрэг зөвлөмж шаардлагыг шийдвэрт тусгажээ.


Цаг агаарын нөхцөл байдлыг тодруулахад  ихэнх хугацаанд салхи секундэд 6-11 метр, 14-нд нийт нутгаар секундэд 12-14 метр хүрч, цасан шуурга шуурна. Харин 15-нд нийт нутгаар цас орж хүйтрэхийг аймгийн Ус цаг уур, Орчны шинжилгээний төвөөс анхааруулав. Одоогийн байдлаар аймгийн нийт нутгийн 60 хувьд цасан бүрхүүлтэй, зарим суманд цасны зузаан 9-11 см байна.

Холбоотой мэдээ