ОРХОН: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ таван жилийн хугацаанд 2,7 их наяд төгрөгийн технологийн шинэчлэлт хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2023-12-15 17:53:03
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2023 оны арванхоёрдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ анхны баяжмалаа үйлдвэрлэсний 45 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ойн хүрээнд шилдэг ажилчдаа шагнаж, урамшуулснаас гадна баярын хурлаа хийж ололт, амжилтаа дүгнэлээ.


Тус үйлдвэр 2019-2023 онд 2.7 их наяд төгрөгөөр техник, технологийн шинэчлэл хийж  хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ. Тухайлбал, Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлсэн байна.


Ил уурхайн хөрсний тээвэрт мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх төсөл, Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр шинээр барих төсөл хэрэгжиж байгаагаас Тэсрэх бодисын үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулжээ. Мөн хам баяжуулалтын 5 дугаар секцийг шинэчилж, 2, 3 дугаар секцийг өндөр бүтээмжтэй, ашиглалтын зардал багатай флотмашинаар шинэчлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна.  


Эдгээр төслийг бүрэн хэрэгжүүлснээр “Эрдэнэт үйлдвэр” нь жилд 40 сая тонн хүдэр боловсруулах зорилтод хүрэх ажээ. 

Холбоотой мэдээ