Эрчим хүчний алдагдлыг бууруулах хоёр дахь шатны төсөл хэрэгжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНДэлхийн банкны Эрчим хүчний төслийн багийн удирдагчид Орхон аймагт ажиллалаа. Тэд “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК-д хэрэгжүүлэх төслийн талаараа аймгийн ЗДТГ-ын удирдлагууд болон ард иргэдэд танилцууллаа.
Дэлхийн банкны Эрчим хүчний 2 дугаар шатны төслийн хүрээнд “Эрдэнэт Булганы ЦТС” компанийн Эрдэнэт хот, Булган, Архангай, Өвөрхангай аймгийн төв, Хархорин сумыг цахилгаанаар хангах үйл ажиллагааг сайжруулна. Тодруулбал, гэр хорооллын 0.4 кВ-ийн шугам сүлжээг төмөр бетон тулгуур, агаарын шугамын бүрээстэй утсаар шинэчилж ухаалаг тоолуур суурилуулах, 6-10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг өргөтгөх, шинэчлэх, шинээр барих, Эрдэнэт хотод 35\6-10 кВ-ын хоёр хос дэд станц барих ажээ.
Эл төслийг хэрэгжүүлэхийн өмнө тухайн орон нутгийн ард иргэд, удирдлагуудтай уулзаж санал бодлыг нь сонсохын зэрэгцээ нийгэм, байгаль орчинд нөлөөлөх сөрөг нөлөөллийг хэрхэн зохицуулах, барилгын ажлын явцад түүх, дурсгалын газар хөндөгдөж байгаа эсэх талаар төслийн багийнхан мэдээлэл хийлээ. Энэ уулзалтын үеэр Орхон аймгийн ЗДТГ-ын Хотын захирагчийн албаны дарга Б.Батжаргал, “Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгаас 1 тэрбум төгрөгөөр цахилгааны хүчдэл нэмэгдүүлэх чиглэлээр ажил хийсэн. Энэ жил л гэхэд 200 сая төгрөг төсөвлөсөн. Гэтэл “Эрдэнэт Булганы ЦТС” ТӨХК эл асуудалд анхаарлаа хандуулахгүй байна” гэлээ. Үүний хариуд Эрчим хүчний яамны мэргэжилтэн хэлэхдээ, “Улсын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй 5000 өрх байна. Үүнийг тухайн орон нутгийн удирдлага болон манай яам хамтарч шийдэж байгаа. Өөрөөр хэлбэл, Эрчим хүчний яам шинэ суурьшлын бүс үүсэхэд цахилгаанаар хангах үүргээ биелүүлж ажиллаж байгаа” гэлээ.
Б.Оюун-Эрдэнэ