БАЯНХОНГОР: Нийт барилгын 41 хувь нь бүрэн цутгамал хийцтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Монгол Улсын газар хөдлөлтийн баллыг 1968 онд тогтоосон тул 1970 оноос өмнө барьж ашиглалтад оруулсан бүх төрлийн зориулалттай, инженерийн хийцтэй барилгуудын газар хөдлөлтийн хүчийг тооцоогүй, газар хөдлөлтөд тэсвэргүй гэж үнэлж байна. Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглаж байгаа нийт 412 барилга байгаагаас газар хөдлөлтөд тэсвэргүй барилгын тоо 19 байгаа гэж дүгнэжээ.
Тодруулбал, Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тус аймгийн 412 барилгаас газар хөдлөлтөд бага эрсдэлтэй 287, дунд эрсдэлтэй 159, их эрсдэлтэй 19 барилга байна гэж дүгнэлт гарчээ. Ашиглаж буй барилгуудыг үндсэн хийц бүтцээр нь ангилахад, тоосгон хийц бүтэцтэй 52.2 хувь, каркасан буюу бүрэн цутгамал хийц бүтэцтэй 41 хувь, модон хийц бүтэцтэй 6.18 хувь, ган бүтэцтэй 2.98 хувь байгаа аж.
Зөрчилтэй барилгуудад улсын байцаагчийн дүгнэлт, акт гаргаж, барилгыг буулгах шийдвэр гарснаас орон сууцны 8, цэцэрлэгийн 2 барилгыг буулгаж, шинээр ашиглалтад оруулсан байна.
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэр нь газар хөдлөлтийн идэвхжилт өндөр бүсэд багтдаг. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа "Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, барилгын норм ба дүрэм"-д Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь, Баян-Өндөр, Баянцагаан, Заг, Жаргалант сумын нутаг дэвсгэр газар хөдлөлтийн 9 баллын бүсэд, Баянхонгор, Өлзийт, Богд, Шинэжинст, Баян-Овоо, Бөмбөгөр, Баянбулаг, Гурванбулаг, Эрдэнэцогт сумын нутаг дэвсгэр 8 баллын бүсэд, Баацагаан, Галуут, Жинст, Бууцагаан, Хүрээмарал сум 7 баллын бүсэд хамаарна гэж нормчлон тогтоосон байдаг байна.
Газар хөдлөлтийн голомт нь Алтайн салбар уулс, баруун хойноос зүүн урагш тогтсон Их Богдын нурууны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын бүс нутагт багтдаг. Энэ бүсэд 1957 оны 12 дугаар сарын 4-нд 8-9 магнитутын 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хэмжээнд 3.5-5.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт Баянхонгор, Богд, Баянлиг, Баянговь, Шинэжинст, Баян-Өндөр, Баянцагаан, Баацагаан, Бөмбөгөр, Баянбулаг сумын нутаг дэвсгэрт мэдрэгдэж бүртгэгдсэн байна.