Төгөлдөр хуурчдын олон улсын уралдаанд амжилттай оролцсон багш, сурагчдад баяр хүргэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2023-12-22 15:42:38

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Чех Улсын Усти над Лабем хотноо өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаан 2023 оны 11 дүгээр сарын 22-24-нд болсон. Энэхүү уралдаанд эх орноо төлөөлж амжилттай оролцсон Монгол Улсын Консерваторийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш сурагчдыг Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр хүлээн авч уулзан баяр хүргэлээ.


Мөн энэ үеэр МУК-ийн Цөөхүүл хөгжмийн нэгдлийн эрхлэгч, мэргэжлийн төгөлдөр хуурын тэнхимийн багш Г.Оюун-Эрдэнийг “Боловсролын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнав.

Өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын "Virtuosi per musica di pianoforte" 56 дахь уралдаанд МУК-ийн Сонгодог хөгжмийн мэргэжлийн сургуулийн МТХТ-ийн 7 сурагч оролцсон юм. Уг уралдаанд:

-Гран при буюу тэргүүн байрыг 4а ангийн сурагч Б.Гүен /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/

-Гуравдугаар байрыг 4а ангийн сурагч Б.Очир-Эрдэнэ /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/

-Тусгай байрыг 7а ангийн сурагч Н.Саруул, 8а ангийн сурагч Т.Оюу /Бэлтгэсэн багш Н.Ганчимэг/

-Тусгай байрыг 7а ангийн сурагч Б.Энхсаруул /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/ нар эзэлж 4а ангийн сурагч Т.Сэцэн /Бэлтгэсэн багш Т.Нямсүрэн/, 7а ангийн сурагч Б.Маргад /Бэлтгэсэн багш Г.Оюун-Эрдэнэ/ нар амжилттай оролцжээ. 





Холбоотой мэдээ