ДОРНОГОВЬ: Хүйтэнд осгохгүйн тулд цасаар оромж барьж дулаацаад явжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2023-12-25 16:38:05

Сайншанд, 2023 оны арванхоёрдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Дэлгэрэх сумаас нааш 30 гаруй км-т малын эрэлчид, адуучид зам дээр цасаар оромж бариад орхижээ.

 

Цасан шуурганаар уруудаж төөрсөн адуу малаа хайж явсан малын эрэлчид шөнийн хүйтэнд осгохгүйн тулд ийн цасаар оромж барьж дотор нь гал түлж дулаацаад явсан байна.


Тухайн үед хөрсөн дээр -35 градус хүртэл хүйтэрч байсан төдийгүй малчид осгох хөлдөх эрсдэл байсан юм. Энэ оны арванхоёрдугаар сарын 14-16-ны хооронд Дорноговийн нутгаар цас орж, шуурснаар адуу мал салхинд уруудсан бөгөөд одоо ч алдсан малын эрэл сурал үргэлжилж байна.


Дэлгэрэх сумаас хойш 60 км-т Хэнтий аймгийн Галшар сум оршдог. Энэ нутгаас цасан шуурганд уруудсан адуу Дэлгэрэх сумын нутгаар дайрч урагшаа Өргөн сумын Долоодын говь хүртэл талдаа 120 гаруй км явсныг эрэлчид эхнээс нь олж адуугаа хурааж байгаа аж.

Холбоотой мэдээ