БАЯНХОНГОР: ӨЭМТ-үүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2023-12-26 13:49:28

Баянхонгор, 2023 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд бага насны хүүхдийн дунд томуу, томуу төст өвчлөл дэгдэлтийн түвшинд хүрсэнтэй холбоотойгоор Өрхийн эрүүл мэндийн төвүүд уртасгасан цагаар ажиллаж эхэллээ.


Тодруулбал, Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 21.00 цаг хүртэл, амралтын өдөр /2023.12.29, 30, 31, 2024.01.01/ 10.00-18.00 цагийн хооронд ажиллахаар болсон байна.


Аймгийн хэмжээнд томуугийн өвчлөл өмнөх долоо хоногоос 3.3 хувиар, урьд оны мөн үетэй харьцуулахад 5 хувиар, сүүлийн гурван жилийн дунджаас 3 хувиар их болжээ. Томуугийн 10 мянган хүн ам дахь өвчлөл 530 буюу 59 хувьд хүрч дэгдэлтийн түвшинд байгаа аж. Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгчдийн 81 хувь нь томуугийн шалтгаант байгаагаас 57 хувь нь 4 хүртэлх насныхан байгаа аж.


Томуугийн вирусний хэд хэдэн төрлийн халдварын дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх арга замуудыг зөвлөж байна. 

•Иргэд гадуур явах, эмнэлгээр үйлчлүүлэхдээ заавал амны хаалт зүүх, 

•Бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, 

•0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй, өөрсдөө ч зочин хүлээж авахгүй, 

•Хүүхдээ гадны хүнд үнсүүлэхгүй байх,

•Гараа тогтмол савандаж угаах, 

•Дархлаагаа дэмжих, аарц, аньс, чацаргана, нэрс зэргийг халуун бүлээнээр нь уух, 

•Ам, хамар, хоолойгоо давс, содын уусмалаар зайлах, 

•Цэвэр агаарт гарах, 

•Эмийг эмчийн заавраар хэрэглэх

Хэрэв хүүхэд амьсгаадах, цээж нь хонхолзох шинж тэмдэг илэрч, хоол ундандаа муудвал эмчид яаралтай хандаарай.

Холбоотой мэдээ