Албанийн ерөнхий сайд асан С.Бериша авлигын хэрэгт холбогджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ТИРАНА, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 /DW/.
Албанийн сөрөг хүчний удирдагч Сали Беришаг Ерөнхий сайдаар ажиллаж байх үеийн авлигын хэргээр өчигдөр буюу бямба гарагт гэрийн
хорионд оруулжээ.
Авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тусгай
шүүх өдгөө 79 настай С.Беришаг Тирана хот дахь байранд нь саатуулах прокурорын хүсэлтийг хүлээн авлаа гэж
ATA мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.
С.Беришагийн
өмгөөлөгчдийн баг гадаадад зорчихыг хориглосон шүүхийн энэ шийдвэрийг давж заалдана гэж мэдэгджээ.
Түүнийг 2005-2009
оны хооронд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан
хэмээн прокурорууд буруутгаж байгаа юм.
Тухайн үед Тирана хотын нэгэн спортын төвийг хувьчилж, тус нийтийн эзэмшлийн газарт 17 орон сууцны барилга барих төслөөс түүний хүргэн нь ашиг олсон гэх хэрэгт С.Беришаг буруутгаж байгаа аж. Тэрбээр үүнийг үгүйсгэж, одоогийн Ерөнхий сайд Эди Рамаг сөрөг хүчнийхний амыг барихын тулд улс төрийн хэлмэгдүүлэлт хийж байна гэж мэдэгдсэн байна.
Албанийн парламент энэ сарын эхээр түүний халдашгүй эрхийг
цуцалсан нь эрүүгийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэх боломж олгосон юм.
Хоёр жилийн өмнө С.Беришаг авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй холбоотой гэх
үндэслэлээр АНУ, Их Британийн хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан бөгөөд түүнийг дээрх хоёр улсад нэвтрэхийг хориглосон байна.
С.Бериша нь 1992
онд коммунист засаглал задран унасны дараа Албани улсын анхны ерөнхийлөгчөөр сонгогдож, 1997 он хүртэл
төрийн тэргүүнээр ажилласан юм.
Тэрбээр мөн 2005-2013 онд ерөнхий сайдаар ажиллаж байжээ.
С.Бериша
2013 оныг хүртэл тус улсын хамгийн том сөрөг хүчин болох Албанийн Ардчилсан
намыг (PD) удирдаж байсан бөгөөд өнгөрсөн жил энэ албан тушаалдаа эргэн оржээ.