Бизнесийн байгууллагууд Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-01-11 14:04:26

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. УИХ-аар хэлэлцэж буй Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол), МҮХАҮТ болон Улаанбаатарт ажиллаж буй Европын болон Германы ХАҮТ-ын удирдлага өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулав.


Дээрх бизнесийн төлөөллийн байгууллагууд Хөрөнгө оруулалтын шинэчлэгдсэн хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж буйгаа илэрхийллээ. Хуулийн төслийг олон нийтэээр хэлэлцүүлэх явцад МҮХАҮТ-аас 60 гаруй санал, Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол)-аас 120 санал хүргүүлжээ.

Эдгээрээс хуулийн төсөлд заримыг тусгасан байна. Гэхдээ хуулийн төсөлд сайжруулсан, нааштай хүлээн авахаар заалтууд орсон байна хэмээн бизнесийн байгууллагын төлөөлөл мэдэгдлээ. Үүнд:

  • Бизнесийн маргааныг арбитраар хурдан шуурхай шийдвэрлэдэг болж байна.
  • Одоо мөрдөгдөж буй байгаа татварын орчинг тогтвортой байлгах,
  • Мөн татварын шимтгэлээс гадна маргаан үүсэхэд түүнийг ямар замаар шийдвэрлэх талаар тусдаа бүлэг болгож тусгасан нь олзуурхууштай байна гэв.


МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин хэлэхдээ, энэ хуулийн төслийг хэлэлцэхгүй бол гаднын хөрөнгө оруулагчдын сонирхолд сөргөөр нөлөөлнө хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. Учир нь хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар өнөөдөр үүсээд буй байдал Монгол Улсыг сонирхож буй гаднын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татахад сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.

Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Дотоод, гадаад аль алиных нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг зохицуулах нэг багц хууль юм гэдгийг ойлгох хэрэгтэй байна гэв. Монгол дахь Америкийн Худалдааны танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэлэхдээ:

-Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн үйл ажиллагааг хуульчлах шаардлагатай байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгын тухайд олон улсын жишгээр хөгжиж байгаа улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босгыг тавьдаггүй.


Тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа бол гааль, НӨАТ-аас чөлөөлөх нь хөрөнгө оруулалтыг татах нэг хөшүүрэг болно. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр шинэ технологи нэвтэрч, ажлын байр шинээр нэмэгдэж, эдийн засаг сайжирна гэв. Цаашид юунд анхаарах талаар бизнесийн төөлөлөл хэлэхдээ,

  • Хууль эрх зүйн орчин тогтвортой байх нь чухал. Урт хугацаандаа хөрөнгө оруулах хүсэлтэй талд энэ нь чухал буюу гэнэтийн өөрчлөлт, шийдвэр гаргахгүй байх нь үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхгүй.
  • Төрийн байгууллагууд, орон нутаг, засаг захиргааны нэгж, яам, тамгын газруудын хамтын ажиллагаа, холбоо хамааралтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай.
  • Татварын урамшуулал, дэмжлэгийн талаарх заалтыг хэлэлцэх байх гэж найдаж байна гэв.
Холбоотой мэдээ