Африкийн цомын тэмцээн өнөөдөр эхэлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2024-01-13 13:13:40

ЯМУСУКРО, 2024 оны нэгдүгээр сарын 13 /Anadolu/. 2023 оны Африкийн цомын тэмцээн өнөөдөр эхлэх гэж байна. Нэг сар орчмын турш үргэлжлэх энэхүү тэмцээний салхийг талбайн эзэн Кот д’Ивуар болон Гвиней-Бисаугийн шигшээ багууд хагална.


Африкийн цомын тэмцээний 1992, 2015 оны аварга, тивийн өрсөлдөх чадвартай багуудын нэгд зүй ёсоор тооцогддог Кот д’Ивуарын шигшээ баг Абижан хотын 60 мянган хүний суудалтай Alassane Ouattara цэнгэлдэх хүрээлэнд Гвиней-Бисаугийн багтай тоглоно.


Африкийн цомын 34 дэх удаагийн тэмцээн Кот д’Ивуарын таван хотод нэгдүгээр сарын 13-наас хоёрдугаар сарын 11-ний хооронд болно. Тэмцээний шувтаргын тоглолт Абижан хотод болно. Шөвгийн 16-гийн тоглолт энэ сарын 27-нд эхлэх бол шөвгийн найм, хагас шигшээгийн тоглолтууд хоёрдугаар сарын 2, 7-ны өдрүүдэд тус тус эхэлнэ.


Египетийн хөлбөмбөгчид Африкийн цомын тэмцээнд хамгийн олон буюу долоон удаа түрүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2010 онд аваргын цомыг өргөж байлаа. Тэд бол тэмцээний түүхэнд гурав дараалан /2006, 2008, 2010/ түрүүлсэн цорын ганц баг юм.


Египетийн араас Камеруны шигшээ баг таван удаа түрүүлсэн амжилтаар удаалж байгаа бол Гана дөрөв, Нигери гурван удаа, Кот д’Ивуар, Алжир, Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсууд тус бүр хоёр удаа аваргалж байжээ.


Садио Манегээр ахлуулсан Сенегалийн баг тамирчид 2021 онд Камеруны нийслэл Яунде хотноо болсон шувтаргын тоглолтод Египетийн багийг торгуулийн цохилтоор /4:2/ буулган авснаар аваргын анхны цомоо өргөсөн билээ.


2023 оны Африкийн цомын тэмцээний хэсгийн оноолт

А хэсэг: Кот д’Ивуар, Нигери, Экваторын Гвиней, Гвиней-Бисау

В хэсэг: Египет, Гана, Кабо-Верде, Мозамбик

С хэсэг: Сенегал, Камерун, Гвиней, Гамби

D хэсэг: Алжир, Буркина Фасо, Мавритани, Ангол

Е хэсэг: Тунис, Мали, Өмнөд Африк, Намиби

F хэсэг: Марокко, Конго, Замби, Танзани 

Холбоотой мэдээ