ЦЕГ-аас бяцхан хүүг захиалгаар хөнөөснийг тогтоов

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2016-09-27 15:39:49

"Мөрдөн байцаалтын явцад 1992 онд төрсөн С гэгч талийгаач хүүгийн аав Ц-тэй нууц амрагийн холбоотой бөгөөд түүнтэй гэр бүл болохоор хүүгийнх нь амийг бусдад захиалга өгч хөнөөснөө хүлээн зөвшөөрсөн" гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү өнөөдөр албан ёсоор мэдэгдлээ.

Дорнод аймгийн Хэрлэн сумын цагдаагийн хэлтэст энэ сарын 6-ны өдрийн 16.34 цагт 7 настай "Т" тогонд цохиулан эмнэлэгт хүргэгдсэн гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар сумын эмнэлэгт хүргэгдсэн хүү нэг өдрийн дараа буюу энэ сарын 7-ны өдөр нас баржээ. Цагдаагийнхан хүүг гадны нөлөөтэй амиа алдлаа гэж үзэн мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлжээ. Хэргийн мөрөөр явахад 1998 онд төрсөн Б гэгч нь 1992 онд төрсөн С гэгчийн захиалгаар талийгаач хүүгийн аминд хүрснийг  тогтоон баривчилсан байна. Одоогоор Дорнод аймгийн цагдаагийн газар талийгаач хүүгийн аав Ц, гэмт хэрэг захиалсан гэх С, хүүгийн аминд хүрсэн Б нарыг цагдан хорьжээ. Мөн тэднийг Эрүүгийн хуулийн 91.2.11-т заасан “Бүлэглэж,  урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл” зүйл ангиар буруутган мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж, 2 жилийн тэнсэн харгалзах ялтай буюу Эрүүгийн хуулийн 145, 145.2 буюу “Бусдын эд хөрөнгийг хулгайлах, энэ гэмт хэргийг давтан бүлэглэж буюу урьдчилан  үгсэж тохиролцсон бүлэг, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж буюу орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” зүйл ангиар буруутгагдаж,  хоёр жилийн ял шийтгүүлэн насанд хүрээгүй учраас ял нь хойшилсон этгээд байв.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ