"Монгол бичгийн гарын авлага" номыг олон нийтэд цахимаар түгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-19 16:43:38

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. “Монгол бичиг заах аргын зөвлөмж”, “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал”, “Монгол бичгийн гарын авлага” гэсэн гурван номын нээлт өнөөдөр ШУА-д боллоо.


2015 онд баталсан Монгол хэлний тухай хууль болон “Үндэсний бичгийн хөтөлбөр”-т төрийн алба албан хэргээ хос бичгээр хөтлөн явуулах” талаар тусгаж, 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх юм.

Хуулийн хугацаа тулсан учир 2024 онд төрийн албан хаагчдын монгол бичгийн мэдлэгийг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллах зорилт тавьж, хуулийн хүрээнд үүрэг хүлээн уг гарын авлагыг гаргасныг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй номын нээлт дээр хэллээ.


Ном бүр өөрийн зориулалттайг тэрбээр тодотгож байв. Жишээ нь, “Төрийн албан хаагчийн эх хэлний мэдлэг, чадвар, дадал” ном нь төрийн албан хаагчийн шалгалт болон өдөр тутмын ажлын хэрэгцээнд зориулсан бол “Монгол бичиг заах аргын зөвлөмж” болон “Монгол бичгийн гарын авлага”-ыг ЕБС-ийн багш нарт зориулжээ. Тиймээс сурах бичиг, зөвлөмжийн номуудыг БШУЯ-наас санхүүжүүлсэн байна.


Төрийн албан хаагчдын 56.6 хувь нь хос бичигт шилжихэд бэлэн байгааг хэллээ. Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчдын 74-75 хувь нь хос бичигтэн болжээ. 



Гарын авлагад төрийн албан хаагчид өөрийгөө шалгах 100-150 онооны сорилыг, зөв хариутай нь оруулжээ. Төрийн албанд анх орох иргэд энэ номыг судлаад шалгалт өгөхөөс гадна төрийн болон хувийн хэвшлийн ямар ч албаны хүнд өдөр тутмын ажилдаа хэрэглэх ширээний ном болох юм гэдгийг онцолж байв

Эхний ээлжинд анхан болон дунд шатанд хэрэглэх гарын авлага, зөвлөмж гаргаж байна. Цаашид ахисан түвшний ном бүтээлийг цувралаар гаргана гэлээ. Аймаг, орон нутагт боловсролын газруудаар дамжуулан хүргэх бол олон нийтэд вэб хаягаар цахимаар үнэ төлбөргүй түгээх аж.


Дээрх номуудыг бүтээхэд “Монгол хэл, бичгийн сорил”, “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”, “Бичгийн хэл”, “Орчин цагийн монгол хэл”, “Баримт бичиг боловсруулах арга зүй, найруулга”, “Монгол бичгийн товч толь” зэрэг ном, бүтээлд тулгуурлажээ.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн, МУИС, МУБИС, мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонин болон хэлний салбарын эрдэмтэн, багш нартай хамтран бүтээж, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Батзаяа нар зохиогчоор ажиллажээ.
Номуудын нээлтэд БШУЯ, Соёлын яамны төлөөлөл, ШУА-ийн эрдэмтэн, судлаач нар оролцлоо.


Холбоотой мэдээ