ХӨВСГӨЛ: Айлын гадаа ирсэн халиун буга өнгөрсөн шөнө хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-24 14:52:39

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Дэлгэрхаан багийн Мухар галуут гэдэг газарт турж эцсэн халиун буга өнгөрсөн ням гарагт малчин айлын гадаа орж иржээ.




Нутгийн малчид өвс, тэжээл тавьж өгч байсан боловч өнгөрсөн шөнө хорогдсон байна.

Тус аймгийн Цэцэрлэг суманд цас их орсны улмаас цагаан зуд нүүрлэж, өвөлжилт хүндрээд байгаа юм. Иймээс зэрлэг ан, амьтад өвс, тэжээлийн хомсдолд орж байна.




Хөвсгөл аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас малчин айл өрхүүдэд өвс, тэжээлийн дутагдалд орсон зэрлэг ан, амьтдад өвс, хужир тавьж өгч байх зөвлөмж мэдээллийг хүргүүлэн ажиллаж байна.


Тус аймагт 2018-2022 онд хийсэн ховор, нэн ховор амьтны бүсчилсэн судалгаагаар 22 сумын нутагт 6300 орчим халиун буга тоологджээ.


Сүүлийн жилүүдэд халиун бугын тоо толгой манай орны газар бүрд өсөх хандлагатай байгаа.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор халиун бугыг ховор амьтны жагсаалтад оруулсан ба зөвхөн тусгай зөвшөөрлөөр агнадаг.


Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг хориглодог ажээ.

 

 

 

Холбоотой мэдээ