А.Ципрас: Он дуусахаас өмнө сайн мэдээ сонсоно гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
adiyakhuu@montsame.mn
2016-09-28 17:19:35

АФИН. /TASS/. Грекийн өрийг шийдэх талаар он дуусахаас өмнө олон улсын зээлдүүлэгчдээс таатай мэдээ сонсох байх гэж найдаж байна хэмээн тус улсын Ерөнхий сайд Алексис Ципрас парламентад болсон хэлэлцүүлгийн үеэр хэллээ.

“Статистикийн мэдээллүүдийг харвал, 2016 оны гуравдугаар улиралд бид нааштай өсөлтийн  мөчлөгт шилжин орж, 2017 оноос эдийн засгийн өсөлтийн хэмжээ 3 хувьд хүрнэ гэсэн найдвар байна” гэж Ерөнхий сайд дүгнэжээ.

Тэрбээр цааш нь хэлэхдээ “Грекийн өрийн асуудал нь олон улсын шинжтэй бөгөөд түүнийг шийдвэрлэх нь дэлхий дахинд нөлөөлж буй Европын эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж дурдсан байна.

2010 оноос хойш Европын Холбоо болон Олон улсын валютын сангаас Грек улсад нийт 250 тэрбум еврогийн тусламжийн зээл олгосон ажээ. 2015 оны 8 дугаар сард Европын санхүүгийн байгууллагууд зээл олгох гуравдахь хөтөлбөрийн хүрээнд 86 тэрбум еврогийн зээл олгосон юм. Ингээд одоогийн байдлаар, Грекийн өрийн нийт хэмжээ 315 тэрбум евро буюу ДНБ-нийх нь 175 хувьд хүрээд байна.

Б.Адъяахүү  

 

Холбоотой мэдээ