Японы Кумамото муж 37,5 тэрбум долларын хохирол амсчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭТОКИО./TASS/. Энэ оны 4 дүгээр сард Японы баруун өмнөд нутгийн Кумамото мужид болсон цуврал газар хөдлөлтүүдийн уршгаар 3,7 их наяд иений /37,5 тэрбум доллар/ хохирол учирсан тухай тус мужийн эрх баригчид өнөөдөр мэдээллээ.
Тэдний тооцоолсноор, хамгийн их буюу 2,3 их наяд иений /22,8 тэрбум доллар/ хохирол орон сууцны фондод учирчээ. Гамшгийн улмаас 8 мянган орон сууцны байшин бүрэн эвдрэн нурж, 20 мянган байшингийн зарим хэсэгт эвдрэл гарсан бол 70 мянган байшинд бага хэмжээний цууралт үүссэн байна.
Газар хөдлөлтийн уршгаар эвдрэн сүйдсэн үйлдвэрийн газрууд болон аялал жуулчлалын дэд бүтцийг сэргээн босгоход 820 их наяд иен /8,13 тэрбум доллар/ шаардлагатай байгаа аж.
Сануулан дурдахад, энэ оны 4 дүгээр сард Японы баруун өмнөд нутагт 7,3 баллын хүчтэй цуврал газар хөдлөлтүүд болсны улмаас 50 хүн амиа алдаж, 340 хүн гэмтэж бэртжээ. Түр хоргодох байранд нүүлгэн шилжүүлсний дараа сэтгэл санааны цочрол болон өвчний улмаас 19 хүн нас барсан байна.
Дөрөвдүгээр сараас хойших хугацаанд тус бүс нутагт 1 баллаас дээш хүчтэй 2000 орчим удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгджээ.
Б.Адъяахүү