ДУНДГОВЬ: Үйл ажиллагаагаа дүгнэн цаашид хамтран ажиллах гэрээ байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-06 10:57:19
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 2024 оны хоёрдугаар сарын 5-нд аймгийн ЗДТГ, агентлагуудын дарга нар болон 15 сумын Засаг даргатай 2024 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.


Тус аймаг 2024 оныг “Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, гэр бүл, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилт тавьсан. Энэхүү зорилтын хүрээнд "Нээлттэй Дундговь" хөтөлбөр хэрэгжүүлэх, “Хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын чиглэлээр төлөвлөгөө боловсруулж үр дүнг тооцон ажиллах, Хүүхэд хамгааллын хүрээнд болзошгүй эрсдэлээс хамгаалсан аюулыг илрүүлэх, арилгах талаар санал санаачилга гарган ажиллах, аймгийн Засаг даргын 2 тоот захирамжаар “Үндэсний дээл хувцсаа өмсөж хэвших уриалгыг” хэрэгжүүлж соёлыг дэлгэрүүлэх, хог хаягдлыг ангилан ялгах, хоёрдогч түүхий эд авах цэгүүдэд нийлүүлэх ажлыг зохион байгуулах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд мод тарьж, арчлах, ургуулах ажлыг зохион байгуулах, “Цахим байгууллага” болох, төрийн байгууллага бүр албан хэргээ хос бичгээр хөтлөх ажлыг турших зэрэг ажлыг тусгажээ.


Түүнчлэн сум, байгууллага бүр санаачилгатай ажиллан төсөл боловсруулж, гадаадын хөрөнгө оруулалт хайх, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд хүлэмжийн ногоо тариалах, ажилчдаа чадавхжуулах үүргийг мөн гэрээгээр хүлээсэн байна.


Энэ үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат 2023 оны үйл ажиллагаа, онцлох ажлыг танилцуулж, удирдах, удирдуулах зарчимд суурилсан, иргэдэд ээлтэй, ил тод нээлттэй, авлигагүй шударга, сахилга хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өгчээ.


2023 оны үйл ажиллагааны үр дүнгээр Дэлгэрцогт сум тэргүүлж, Эрдэнэдалай, Луус сум удаах байрыг эзэлсэн бол агентлагуудаас аймгийн Цагдаагийн газар тэргүүн байрт шалгарч, ГХБХБГ, Татварын хэлтэс 2, 3 дугаар байр эзэлсэн байна. Үйл ажиллагаагаараа бусад сум, байгууллагыг тэргүүлсэн шилдгүүдэд энэ үеэр шагналыг гардуулжээ.

Холбоотой мэдээ