Хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагааны шимтгэлийг бууруулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-06 15:12:51

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагааны шимтгэлийг бууруулж буй тухай СЗХ-ноос мэдээллээ.


Хөрөнгийн зах зээлд оролцогчид болон тоглогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ 70 гаруй төрлөөр нэмэгдээд байна. Анхны төслийн бус хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд гарлаа.

Хаалттай, нээлттэй хөрөнгө оруулалтын сангууд нээлттэй арилждаг болж, ам.доллар, төгрөгийн хосолсон бонд гарсан зэргээр арилжааны төрлүүдийн цар хүрээ, давтамж өргөжиж байна. Үүнтэй холбоотойгоор Хөрөнгийн зах зээл дээрх үйл ажиллагааны шимтгэлийг бууруулах бодлого барьж байгаа аж.


Биржийн хувьд шимтгэл 0.4 хувь байсныг 0.3 хувь болгон буулгасныг СЗХ-ын дарга Л.Баярсайхан мэдэгдэж байна. СЗХ-ны дараагийн хурлаар шимтгэлийг мөн дахин бууруулахаар чиглэлтэй байгаа. Монголын Хөрөнгийн биржээс саналаа ирүүлнэ гэв. Дээр нь хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын авдаг шимтгэл хураамж орж байна. Тухайлбал, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв 0.24 хувийн шимтгэл авдаг байсныг 50 хувиар бууруулж, 0.12 хувийн шимтгэл авч байгааг дуулгалаа.

Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос үнэт цаасны компанийн брокерын үйлчилгээний төлбөр, тулгамдаж буй асуудлаар судалгаа хийжээ.


Судалгааны дүгнэлтээр, хөрөнгийн зах зээлийн оролцогч байгууллагуудын хөрөнгө оруулагчдаас авдаг шимтгэл нь өндөр хөгжсөн орнуудтай харьцуулахад өндөр гарчээ. Үүнд үнэт цаасны компаниуд, дэд бүтцийн байгууллагуудын техникийн болон программ хангамжийн системийн асуудал нөлөөлж байгааг мэргэжилтнүүд хэллээ.

Цаашид хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн системд технологийн дэвшлийг нэвтрүүлэх замаар санхүүгийн үйлчилгээг үр ашигтай, хэрэглэгчдэд ээлтэй болгох, зардал, цаг хугацаа хэмнэсэн технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд анхааран ажиллаж байгаа талаар СЗХ-ноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ