Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 73 хувь нь уул уурхай, олборлох салбарт оржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-07 17:51:32

Улаанбаатар хот. 2024 оны хоёдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ГХЯ-нд өнөөдөр Санхүү, эдийн засгийн Их сургууль (СЭЗИС) Монголын Бизнесийн зөвлөл хамтран “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” уулзалт хэлэлцүүлгийг төрийн байгууллагууд, уул уурхайн компаниуд, мэргэжлийн холбоодын төлөөлөл болон салбарын багш, судлаач, экспертүүдийн дунд зохион байгуулав.


Уулзалтаар уул уурхайн салбар дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, боломж, сорилтуудын талаар хэлэлцэж, цаашид энэ салбар дахь боломжийг нэмэгдүүлэх, эрсдэлээс сэргийлэх шийдлийг тодорхойлох, нэгдсэн ойлголттой болох зорилготойг зохион байгуулагч, Монголын Бизнесийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт онцлон хэлсэн юм.


СЭЗИС-ийн дэд профессор, эдийн засагч Ж.Дэлгэрсайхан, уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засагт үнэхээр бодитой үүрэг гүйцэтгэж, хувь нэмэр оруулж байгаа бол энэ салбараа дэмжин хөгжүүлж, сөргөөр нөлөөлж буй зүйлсийг бууруулах ёстойг хэллээ.


Сөргөөр нөлөөлж буй зүйлд, ТББ, иргэний нийгмийн байгууллагууд болон олон нийтийн зүгээс ирж буй дарамт, орон нутгийн удирдлагын авлига, иргэдийг эсэргүүцэл зэрэг орж байна. Төр, засгийн зүгээс улс төр, эрхзүйн орчны үйл ажиллагаа, бодлогын тогтвортой байдал үгүйлэгдэж буйг дурдлаа.

Сүүлийн жилүүдийн дүнгээр, гадаадаас Монгол Улсад 42.4 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулжээ. Үүний 73 хувь нь уул уурхай, олборлох салбарт оногдож байна. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт төрөлжөөгүй байгааг харуулж байна гэв.

Ерөнхий сайд асан, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн дарга Р.Амаржаргал, уул уурхайн салбарт нарийн, академик судалгаа хэрэгтэй байгааг хэлж, энд уул уурхайн салбарт нөлөөлж буй хүчин зүйлсийг оруулж, олон талын оролцоог ханган, шинжээчдийн түвшинд хэлэлцэж байх хэрэгтэйг хэллээ. Тэрбээр, уул уурхайн салбарын талаар хөндөж ярихдаа нийгмээрээ хуваагдаж талцахгүйгээр эв нэгдэлтэй байж хөгжүүлье гэсэн санааг хэлж байлаа.


Холбоотой мэдээ