Завхан, Баянхонгор аймаг энэ онд дулааны станцтай болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. БНСУ-ын Засгийн газрын зээлээр 10 аймагт дулааны цахилгаан станц барьж байна.
Тодруулбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв аймгийн төвд орчин үеийн дулааны 10 станц, дулаан дамжуулагч 88 төв, 70 гаруй км дулаан дамжуулагч шугам сүлжээ бүхий төвлөрсөн дулаан хангамжийн системтэй болох юм. Үүнээс Завхан, Баянхонгор аймагт барьж буй дулааны станцуудыг энэ ондоо багтаан ашиглалтад өгнө. Ингэснээр аймгийн төвд ажиллаж буй 100 гаруй уурын зуухыг буулгана гэж Завхан аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр хэллээ.
Тэрбээр дулааны станц ашиглалтад орсноор аймгийн төв дулаанаар бүрэн хангагдаж дэд бүтэц сайжирч, оршин суугчдын амьдралын чанарт эергээр нөлөөлөхөөс гадна барилгажих, үйлдвэр хөгжих, агаарын бохирдлыг бууруулах боломжтой болно. Дулааны шугам сүлжээг татан холбох хөрөнгийг улсын төсөвт суулгаад байна гэв.
Баянхонгор аймагт өнгөрсөн
жилээс эхэлсэн дулааны станцын барилга байгууламж энэ оны сүүлээр ашиглалтад
орж, 2025 оноос ашиглаж эхлэх нь.
Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгийг БНСУ-ын
"ЭКСИМ" банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдвэрлэсэн юм. Дулааны станцуудыг барих ажил 3-4 жилийн өмнөөс эхэлсэн. Аймгуудад дулааны станцтай болсноор одоо дулаан үйлдвэрлэж буй
ААН-үүд дулаан түгээх нэгдсэн төв болж, аймгууд дулаанаар найдвартай бүрэн
хангагдах юм.