ЦЕГ-ын дэд дарга нарыг өөрчилж шинээр томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-09-29 14:21:41

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-ын Тэргүүн дэд болон дэд дарга нарыг өөрчилж шинээр томилоод байна.

Тус газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Шинэ дарга нар өнөөдөр ажлаа хүлээн авсан байна. ЦЕГ-ын дэд даргаар томилогдоод буй П.Батбаатар нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс, Хэнтий аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Хулгайн, Байгаль орчны, Эдийн засгийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ.

Ч.Болдбаатар нь  Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч, 1996-2001 онд Эрүүгийн цагдаагийн газарт төлөөлөгч, ахлах төлөөлөгч, Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дэд дарга, дарга, Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Эрүүгийн цагдаагийн газрын дэд бөгөөд нэгдүгээр хэлтсийн дарга, 2012 оны есдүгээр сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Хэв журам хамгаалах газрын дарга, 2014 оны хоёрдугаар сараас нийслэлийн Цагдаагийн газрын дэд бөгөөд Дэмжлэг үзүүлэх газрын дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм. М.Лувсандорж нь ЗЦГ-ын Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга, НХЖХГ-ын Бодлого зохицуулалтын хэлтэс, Хамгаалалтын газрын даргаар ажиллаж байв.

ЦЕГ болон аймаг, дүүргийн хэлтсүүдэд энэ мэт өөрчлөлт үргэлжилнэ гэж ЦЕГ-ын ХМТ-ийн ажилтнууд мэдээллээ.

Ж.Батсайхан 

Холбоотой мэдээ