Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг хэлэлцэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-10-07 16:11:57

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хуулийн төсөл санаачлагчийн илтгэлдээ, "Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг 1993 онд баталж, 1995, 1996, 2010, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2001, 2007 онд шинэчлэн найруулсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар зохицуулж байна. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийн байдалд дотоод, гадаадын байгууллагаас өгсөн үнэлгээ, зөвлөмжийн дагуу Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулсан" хэмээн танилцуулсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай, Малын индексийн тухай гээд нэлээд олон хууль өмнө нь гарсан. Хууль олон болоод ирэхээр хэрэгжилт нь саардаг. Иймээс одоо мөрдөж буй хуулиндаа нэмэлт оруулж, чамбайруулаад явах нь зүйтэй гэсэн  юм. Мөн Ж.Батзандан гишүүн, "Монгол Улс бол нүүдлийн мал аж ахуйн орон. Хотонд нь зээр ороод ирдэг, зээр, хонь, ямаан сүрэг нийлээд явдаг хагас зэрлэг МАА-г дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэхгүй. Монгол малын эрүүл мэндийн асуудлыг ярих гэж байгаа бол монгол аж ахуйдаа тохирсон, монголын хөрсөнд буусан малын эрүүл мэндийн системийн тухай ярих хэрэгтэй. Малаас хүнд халдварладаг маш олон тооны өвчин байгаа. Эцсийн дүндээ эрүүл монгол хүний асуудлын тухай яригдах ёстой. Хувийн хэвшил дээр тулгуурласан анхан шатны мал эмнэлгүүдийг хүчтэй болгох хэрэгтэй. Хуучин системийн үед мал эмнэлгүүдийн бааз суурь төрд түшиглэж, төр санхүүжүүлж явж ирсэн. Иймд хуучны системээс сайн зүйлийг нь буцааж авах чиглэл барих, Дэлхийн эрүүл мэндийн тавьсан стандартаас авах зүйлийг нь авсан шиг авах хэрэгтэй. Ингэхдээ нүүдлийн мал аж ахуйн хагас зэрлэг орон гэдгээ хэзээ ч мартаж болохгүй" гэв.

Гишүүд асуулт асууж, санал хэлж дууссаны дараа хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 76,8 хувийн саналаар дэмжлээ.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд