ДОРНОГОВЬ: Улс, аймгийн нөөцөөс үнэгүй олгох өвс, тэжээлийг орон нутаг руу тээвэрлэж эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны хоёрдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдад туслах, өвс, тэжээл үнэгүй олгох ажлыг Засгийн газар, улсын Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ.
Малчдад туслах Шуурхай зургаан бүлгийн нэг нь Дорноговь аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллахаар гарсан бөгөөд улс, аймгийн нөөцөөс үнэгүй олгох өвс, тэжээлийг орон нутаг руу тээвэрлэж эхэлсэн байна. Мөн отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, шатахуун болон бусад бараа материалын зардал, аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл хямдруулан олгох, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэжээ.
Одоогоор, Дорноговь аймгийн Дэлгэрэх, Иххэт,
Өргөн, Алтанширээ суманд өвөлжилт, хаваржилт хүндрээд байгаа юм.