ЗАВХАН: 17 сумын 10 мянга гаруй км газарт дахин далпуу татна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-02-21 17:15:27

Улиастай, 2024 оны хоёрдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн 21 сум цас ихтэй байгаагаас сумдад далпуу татах ажлыг дахин хийхээр болжээ.


Хаваржилт хүндэрсэнтэй холбоотой аймгийн Онцгой комиссын хурлаар зудын эрсдэлийн үнэлгээ, цаг агаарын төлөв байдал, мал аж ахуйн өвөлжилтийн нөхцөл байдлыг мэргэжлийн байгууллагууд танилцуулсан байна.


Мөн томуу, томуу төст өвчлөлийн дүн мэдээ, улсын онцгой комиссоос аймгуудад ажиллах мэдээлэл, аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг сумдад хүргэх хуваарь, Улиастай сумын Богдын гол баг, Тэлмэн суманд үүссэн халиа, тошинг арилгах, улсын нөөцөөс олгох тэжээлийг хэрхэн хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцлээ. 




Энэ үеэр, аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр, Засаг даргын нөөц сангаас өвөлжилт хүндэрсэн сумдад 2-5 удаа далпуу татах ажлыг зохион байгуулсан. Өнөөдрөөс эхлэн дахин 17 сумын 10500 км газарт далпуу татах ажлыг хийнэ.

Далпуу татах шатахуун тос, автомашины сэлбэг хэрэгсэл, хүн хүчний цалин урамшууллыг Засаг даргын нөөц сангаас гаргана гэв.


Эмч нэн шаардлагатай байгаа багуудад аймгийн ЭМГ-аас эмч ажиллуулахаар боллоо. 


Отор нүүдэл ирэх үед нүүдэл угтах түр штабуудыг сумдад байгуулахУлсын нөөцөөс олгох 350 тонн тэжээлийг хаваржилт нэн хүндэрсэн сумдын малчдад эхлэн хуваарилах. Тэлмэн сумын Тэлмэний хөндийд үүссэн халиа, тошинг яаралтай арилгаж, дахин үүсэхээс сэргийлэх арга хэмжээ авах.

Шилүүстэй суманд үүссэн малын хорогдлын учир шалтгааныг тогтоох. Зам дагуух малын сэг зэмийг устгах зэрэг үүрэг чиглэлүүдийг холбогдох байгууллагын удирдлагуудад өглөө гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэл өглөө.


Ташрамд, Монгол Улсын Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн автомашин, техник хэрэгслийг шаардлагатай тохиолдолд дайчлан ажиллахаар болжээ. Аймгийн шуурхай штаб 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Холбоотой мэдээ