П.Сүхбаатар: Аймгийн аюулгүйн нөөцийн өвс, тэжээлийг малчдад үнэгүй олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-02-21 16:41:19

Есөнбулаг, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой комиссын хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн сумдад аймгийн аюулгүйн нөөцөөс 400 тн өвс, 50 тн тэжээлийг малчдад үнэгүй олгохоор боллоо. Энэ тухай тус аймгийн ХХААГ-ын дарга П.Сүхбаатараас тодрууллаа.


-Говь-Алтай аймгийн онцгой комиссын гишүүд томилогдсон ажлын багийнхантай хамт яваад ирлээ. Хэдэн сумаар оров?

-Цаг уурын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Хаваржилт хийгээд зудын эрсдэлийг хохирол багатай даван туулах, ингэхийн тулд аймаг, сумдад үүсэж буй нөхцөл байдлыг бодитоор нь үнэлж дүгнэх, цаг агаарын нөхцөл байдал хүндэрч буй энэ цаг үед малчдад дэмжлэг тусламж үзүүлэх ажлыг холбогдох албадууд шат дараатай зохион байгуулж байна. 

Говь-Алтай аймгийн хэмжээнд хаваржилтын нөхцөл харилцан адилгүй байна. Бид Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын багийн хамтаар зудын эрсдэлийн нөхцөл байдалд байгаа Баян-Уул, Жаргалан, Тайшир суманд ажиллаж, малчдад өвс тэжээл, эм, амин дэм хүргэлээ. 


-Малчдын нөхцөл байдал хэр байна? 

-Манай аймгийн тухайд хаваржилт харилцан адилгүй байгаа. Тухайлбал, зудын эрсдэлд байгаа Баян-Уул сумын Хүйсийн говь орчимд өнгөрсөн намар эрт цас орж, цас ихтэй, хүйтэн өвөлжсөн. Харин сар шинийн дараагаар болсон цасан шуурганы үеэр цас хөдөлж бэлчээр гарч, цасан доороос өвс гарсан нөхцөл байдалтай байна. Малчдын хашаа хороо цасан шуурганд дарагдсан, өвс тэжээл хомс хүндхэн байдалтай байгаа тухай малчид хэлж байна. Зудын эрсдэлд байгаа айл өрхүүдэд улс, аймаг, сумын онцгой комиссын шийдвэрээр өвс, тэжээлийн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байна. Засгийн газраас томилогдсон шуурхай комиссын бүрэлдэхүүн Говь-Алтай аймгийн зудын эрсдэлд байгаа айл өрхийн судалгааг өөрсдөө түүвэрлэн гаргаж, уг хуваарийн дагуу өвс, тэжээлийг малчдад олгосон гэдгийг онцлон хэлье. 


-Цаашид ямар арга хэмжээ авч ажиллах талаар аймгийн Онцгой комисс хуралдаж холбогдох шийдвэрүүдийг гаргалаа. Хурлаар аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг малчдад үнэгүй олгохоор тогтлоо. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?

-Хоёрдугаар сарын 21-нд аймгийн Онцгой комисс дахин хуралдаж цаашид ямар арга хэмжээ авах, цасанд боогдсон зам даваа гаргах, аймгийн нөөцөд байгаа өвс, тэжээлийг сумдад хуваарилах, малчдад хэрхэн туслах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтад зориулж аймгийн аюулгүйн нөөцийн өвс тэжээлийг энэ жил хамгийн их бүрдүүлсэн. Засгийн газраас 100 тн өвс бэлтгэх үүрэг чиглэл өгсөн ч бид 400 тн-ыг бэлдсэн. Үүнийг бид цаг агаар хүндэрч байгаа энэ цаг үед гаргах төлөвлөлтийг хийсний дагуу өнөөдрийн хурлаар малчдадаа олгох шийдвэрийг гаргаад байна. Аймгийн онцгой комиссын шийдвэрээр аюулгүйн нөөцөд байгаа өвс тэжээлийн үнийг 100 хувь хөнгөлөн сумдад 7 хоногт багтаан тээвэрлэж, малчдад хүргэх ажлыг сумдын Засаг дарга нартай хамтран зохион байгуулахаар тогтлоо.


Өөрөөр хэлбэл, Аймгийн аюулгүйн нөөцөд байгаа 400 тн өвс, 50 тн тэжээлийг хаваржилт хүндэрсэн Тонхил, Тайшир, Халиун суманд тус бүр 1000 боодол өвс, Дэлгэр, Есөнбулаг суманд тус бүр 500 боодол өвс, нөөцийн үлдсэн өвсийг 2023 оны жилийн эцсийн тооллогод хамрагдсан аймгийн нийт 8000 малчин өрх тус бүрд 2 боодол өвс, тэжээлийг үнэ төлбөргүй олгох ажлыг шуурхай зохион байгуулна.

Үүний сацуу энэ өдрүүдэд хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн Тонхил сумын Алтансоёмбо, Бугат сумын Тахийн тал, Биж багт зам давааг нээж, малчдад өвс, тэжээл дөхүүлж байна. 


-Малын өвс, тэжээлийг тодорхой хэмжээнд шийдвэрлэж байгаа юм байна. Тэгвэл малаа дагаж байгаа малчдад чиглэсэн ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байна?

-Цас, зуд гээд мал ярьж байгаа боловч бид малчдаа хамгаалах нь нэн чухал юм. Бид хүнээ хамгаалах, ялангуяа эрүүл мэндийг нь нэн тэргүүнд тавих ёстой. Жишээлбэл, нэг жирэмсэн эхэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд зам даваа хаагдсанаас болж олон удаагийн оролдлого хийж, 300 гаруй км тойрч хүрч байна. Бид хүнийхээ эрүүл мэнд, амь аюулгүй байдлыг хамгаалахад ихээхэн анхаарч ажиллахгүй бол хэт нэг талаа барьж байгаад үүнд алдаа гаргах вий гэсэн сэрэмжлэлээр дулаан хувцас, халуурсан, ханиад томууны үед яаралтай хэрэглэх түргэн тусламж эм, амин дэмийг хүргэх ажлыг орхигдолгүйгээр аймгийн Онцгой комисс холбогдох шийдвэрүүдийг гарган ажиллана.

Холбоотой мэдээ