Сайн туршлагаа солилцож, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-21 17:21:02

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. ОХУ-ын Цахим хөгжил, харилцаа холбоо, олон нийттэй харилцах яам, түүний харьяа “Засгийн газрын технологи” (GovTech) байгууллагаас “Дижитал тусгаар тогтнол олон улсын урт хугацааны хамтын ажиллагааны үндэс” Евро-Азийн мэдээллийн технологийн анхдугаар форумыг энэ сарын 20, 21-нд Москва хотноо зохион байгуулж байна.


Форумд ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ц.Эрдэнэбаяр, Нийтийн мэдээллийн дэд бүтцийн хэлтсийн мэргэжилтэн Б.Лхагвадолгор оролцож, хэлэлцсэн асуудлаар харилцан мэдээлэл, сайн туршлагаа солилцож бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллахаар болжээ.


Мөн цахим шилжилтийн лидерүүдийг бэлтгэж буй сайн туршлага, хиймэл оюун ухаан, мэдээллийн аюулгүй байдал, ухаалаг хот, бүс нутгийг бий болгох арга зам, ухаалаг шийдлийг нэвтрүүлэхэд тулгамдаж буй сорилт, дэвшилтэт технологийн хэрэглээ, сүүлийн үеийн чиг хандлага зэргийг хэлэлцэв. Мөн цахим шилжилтийн үндэсний стратеги, төрийн үйлчилгээний цахим шилжилт, цахим платформуудын хэрэгжилт, Евро-Азийн бүс нутгийн орнуудын мэдээллийн системийн хөгжил, дата удирдлага, хэрэглэгч төвтэй бизнес процессын инженерчлэл, төрийн цахим үйлчилгээ, мэдээллийн аюулгүй байдлын талаар туршлагаасаа хуваалцаж байна.


Форумд Ази, Европын 10 гаруй орны цахим яам, мэдээллийн технологийн компаниуд, их дээд сургууль, судалгааны хүрээлэн, ТББ-ын төлөөлөл оролцсоныг ЦХХХЯ мэдээллээ.

 

Холбоотой мэдээ