Л.Мягмаржав: Жилд 20 мянган тонн хуванцар хогийг дахин боловсруулах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-02-26 10:57:47

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Тогтвортой хөгжил дэх бизнесийн оролцоо” форум “Блью Скай” зочид буудалд боллоо.

Монголын анхных болох уг форумыг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ санаачлан зохион байгууллаа.

Энэ үеэр Тогтвортой хөгжил дэх олон улсын байгууллагуудын оролцоо, бизнесийн байгууллагуудын хувь нэмэр, үйл ажиллагааны ил тод байдал, уур амьсгалын өөрчлөл, нүүрстөрөгчийн зах зээлийн талаар оролцогч нар илтгэл тавьж хэлэлцсэн юм.


Энд “MCS Coca-Cola” компани Тогтвортой хөгжлийн зорилтуудыг үйлдвэрлэл, үйл ажиллагаанд нэвтрүүлэн, бусад үйлдвэр, ААН-үүдийг түүчээлэн ажиллаж буй туршлагаа хуваалцлаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав илтгэлдээ, “MCS Coca-Cola” компани нийгмийн хариуцлагын хүрээнд 2030 он гэхэд үйлдвэрлэлд ашиглаж буй ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьж, үүнд 17 сая ам.долларын хөрөнгө оруулаад буйг онцолсон. Энэ хүрээнд хуванцар савны хаягдалгүй кампанит ажлыг нийлүүлэгч нартай эхлүүлж, олон нийтийг саваа ангилан хаяхыг уриалсан юм. Түүнээс дараах зүйлийг тодруулсан юм.


-Хуванцар савыг байнга нийлүүлж, эргүүлж авч ашиглахад нэлээн ажил гарна. Энэ үйл ажиллагааг ямар механизмаар шийдэж байна вэ? Дахин боловсруулах ямар технологийг хэрэглэж байна вэ?

-Нийлүүлэлтийн хувьд, өдгөө нийслэлд 20 мянга орчим хүн хог хаягдал цуглуулахад оролцдог гэсэн тоо бий. Хог хаягдлыг ангилан хүлээн авч буй 1500 цэг тогтмол ажиллаж байна. Эндээс 3 том төв дээр төвлөрүүлэн авч пресслэн шахаж бөөгнүүлэн үйлдвэрлэлд өгдөг.

Үйлдвэртээ технологийн дагуу цэвэрлэж, хэрчих, түүхий эд болгох зэргээр 2-3 үе шаттай боловсруулан буцаад сав болгон хийдэг. Жилдээ 20 мянган тонн хуванцар хогийг дахин боловсруулах боломжтой, ийм зорилт тавиад байна гэв.


Нэг хуванцар савыг дахин ашиглахаар боловсруулахад 4-5 удаа хэрэглэдэг байна.



-Хог хаягдлыг дахин боловсруулахаас гадна танайх мөн усыг дахин ашигладаг. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулахад мөн хувь нэмрээ оруулж байгаа гэсэн. Эдгээрийг тодруулна уу?

-Манай компани сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд Тогтвортой хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах бодлого гаргаж, нэлээн хэдэн ажлыг хийгээд явж байна. 2009 оноос анх усыг зохистой хэрэглэх зорилт тавин үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа хэрэглэсэн усыг дахин ашиглаж эхэлсэн. Үүндээ хөрөнгө оруулалт төлөвлөн хэрэгжүүлж ирлээ. Өдөртөө 2 мянган тонн усыг дахин ашиглаж байна.


Мөн манайх хийгээр технологийн уур гаргах аргаар агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж байна. Ингэснээр ойролцоогоор гэр хорооллын 1200 айл өрхийн түлэх байсан 7 мянган тонн түүхий нүүрсийг халсан тооцоо гарсан. Гуравт, дээр дурдсанаар хог хаягдалд анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж, хуванцар савыг боловсруулан дахин ашигласнаар эргээд хэрэглээ болгох зуршил хэвшлийг бий болгохоор ажиллаж байна гэв.


Ер нь Тогтвортой хөгжил, тогтвортой бизнес маш хэрэгтэй болоод байна. Энэ нь дан ганц орлого олох бус, олон улсын стандартыг үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүтээгдэхүүн үйлдвэрлэн эдийн засгийн эргэлтэд оруулах нь өнөөдөр чухал болоод байгааг тэрбээр хэлж байна.


 

Холбоотой мэдээ