ДУНДГОВЬ: "Уран хатгамалч" эмэгтэйчүүдийг тодруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-02-28 10:44:23
altantogos

Мандалговь, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын соёлын төвөөс олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан сумын хэмжээнд “Уран хатгамалч” бүсгүйчүүдийг шалгаруулах зорилгоор уралдаан зарлажээ.


Ардын гар урлалын дуусашгүй өв сангийн нэгээхэн хэсэг нь даалин. Эмэгтэй хүн бүр үйл урлаж, оёж хатгахад суралцаж, хайртай хүндээ сэтгэлээ шингээн дээл оёж өгөх, эсвэл хөөргийн даалин хавтага, аяганы уут зэргийг урлаж өгдөг байсан нь хийж буй бүтээлдээ сайны ерөөл шингээж, утга бэлгэдлээр холбогдон, энэрэн нигүүлсэхүйд суралцдаг байсныг ахмадууд хуучилдаг.

Зүү ороож урласан хөөргийн даалин нь он удаан жил яг хэвэндээ хадгалагдан үлддэг бөгөөд даалин дээр урлах хээ угалз бүр өөр өөрийн учир бэлгэдэлтэй байдаг.

Хас хээ бүхий даалинг төрийн хүнд урлаж өгдөг бөгөөд номд мэргэн байхыг бэлгэддэг бол нацагдорж хээ хүнийг хэл ам, хамаг муу бүхнээс хамгаалж байдаг.

Харин зоосон хээ нь дотроо суман хээтэй, суман хээний дотор талд нар, сар, од мичдийг бэлгэдсэн дугуй хээтэй бөгөөд энэ нь өсөн дэвжиж мандан бадрахыг бэлгэддэг. Булангийн хээнүүдийг дан дангаар хагасалж урладаг бөгөөд энэ нь хорвоо ертөнц сайн, муугийн нэгдэл ба түүнийг зөөлрүүлэх учиртай аж.


“Уран хатгамалч” уралдааны талаар Дэлгэрхангай сумын Соёлын төвийн өвийн сангийн ажилтан О.Энхсаруулаас тодруулахад: “Энэ уралдааныг сумандаа анх удаа зохион байгуулж байна. Манай суманд миний мэдэж байгаагаар даалин урладаг 10-аад эмэгтэй бий. Хөдөөгүүр үйл хийдэг олон бүсгүй байдаг байх. Тиймээс уран хамгамалч эмэгтэйчүүдээ тодруулах, цаашид охидодоо зааж сурган, өвлүүлэх зорилгоор энэхүү уралдааныг зарлаж байгаа. 3 дугаар сарын 8 сүүлийн хугацаа. Уралдаанд ирүүлсэн даалингаар үзэсгэлэн гаргана” гэлээ.


Уралдаанд ирүүлсэн бүтээлээс эхний 3 байрыг шалгаруулж, "Уран хатгамалч" өргөмжлөл олгон 30000-80000 төгрөгөөр шагнаж урамшуулах ажээ. 

Холбоотой мэдээ