MWC үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан дэлгэцийн сонирхолтой технологиуд
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБАРСЕЛОНА, 2024 оны хоёрдугаар сарын 28 /CNBC/. Испанийн Барселона хотноо болж буй “Mobile World Congress” /MWC/ үзэсгэлэнгийн үеэр гар утас, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид шинэ технологийн шийдлүүдээ дэлгэн үзүүлж байна.
Цахим бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд цэнэг хураагуур, камер зэрэг төхөөрөмжүүдийг байнга шинэчлэн сайжруулсаар ирсэн бол сүүлийн жилүүдэд дэлгэцийг шинэчлэх инновацад түлхүү анхаарах болоод буй энэ үед дэлхийн тэргүүлэгч компаниуд дэлгэцийн ер бусын технологиудаа танилцууллаа.
Бидний хэрэглэж буй тоног төхөөрөмжүүдэд агуулагдах зүйлсийн хэмжээ нэмэгдэхийн хэрээр дэлгэц бол хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг болоод байгаа юм. MWC үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан дэлгэцүүдийн ихэнхийг Apple, Samsung зэрэг компаниудтай өрсөлдөхийг эрмэлзэж буй компаниуд бүтээсэн байна.
“Хэрэглээний
төхөөрөмжийн салбарт Apple, Samsung компаниуд давамгайлж
байгаатай холбоотойгоор бусад компаниуд хэрэглэгчдийн сонирхлыг татахын
тулд ихээхэн хүчин
чармайлт гаргах шаардлагатай болж байна. Ингэснээр бид бугуйнд зүүдэг утас, эвхдэг дэлгэц, виртуал 3D дэлгэц гэх мэт хачин сонин, гайхалтай шинэ
загварууд бий болж байгааг харж байна”
гэж зах зээлийн судалгааны “CCS Insight” фирмийн ахлах шинжээч Бен Вүүд CNBC телевизэд ярилцлага өгөхдөө хэллээ.
Tecno-гийн танилцуулсан сунгадаг гар утас
Өдгөө дэлхийн ухаалаг гар утасны салбарын хамгийн том төлөөлөгчдийн нэг болсон Хятадын Transsion компанийн охин компани Tecno брэнд сунгадаг дэлгэцтэй гар утсаа үзүүллээ. Тодруулбал, төхөөрөмжийн дээд талд байгаа товчлуурыг дарахад дэлгэц хажуу тийш сунадаг байна. Tecno Phantom Ultimate гэж нэрлэсэн энэхүү төхөөрөмж нь одоогоор концепт загварт тооцогдож байгаа бөгөөд худалдаанд гарах эсэх нь тодорхойгүй байна.
Motorola-гийн бугуйндаа зүүдэг гар утас
Motorola компани MWC-ийн үеэр янз бүрээр нугалж болдог гар утсаа үзүүлэв. Ингэхдээ гар утсыг бугуйндаа зүүж, өмссөн хувцастайгаа зохицуулж болохыг харуулжээ. Ухаалаг гар утасны интерфэйс нь утсыг ямар байдлаар нугалж байгаагаас хамаарч зохицдог ажээ.
Lenovo-гийн нэвт харагддаг дэлгэцтэй зөөврийн компьютер
Хятадын Lenovo компани нэвт харагддаг дэлгэцтэй зөөврийн компьютерын загварыг үзүүллээ. Компьютерын үйлдвэрлэлээр дэлхийд томоохонд тооцогддог тус компани дэлгэцийн ард объект байрлуулан төхөөрөмжийн камеруудаар илрүүлж болохыг харуулжээ. Улмаар дэлгэц
дээр тухайн объектын талаарх мэдээлэл гарч ирэх аж.
ZTE-гийн 3D таблет
ZTE компани гурван хэмжээст дүрслэл бүхий хоёр дахь үеийн таблетаа танилцууллаа. 3D дүрслэлийг үзэхийн тулд кино театрт 3D кино үзэхэд зүүдэгтэй ижил нүдний шил шаардлагатай болдог. Харин энэхүү шинэ дэлгэцийн хувьд нүдний шилгүйгээр үзэх боломжтой 3D дүрслэлийг гаргадаг байна. CNBC-гийн сэтгүүлч уг төхөөрөмжийг туршиж үзэхэд 3D дүрслэлийн чанар нь дэлгэцийг аль өнцгөөс харж байгаагаас хамааран ялгаатай байжээ.