БАЯНХОНГОР: Малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг санууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-01 09:44:37

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаар ахлуулсан ажлын баг Заг, Гурванбулаг суманд ажиллалаа.


Баянхонгор аймгийн Заг сум нь 2023 оны жилийн эцсээр 128 мянган мал тоолуулсан бол энэ оны эхний улиралд 4459 толгой мал хорогдоод байна. Олон удаагийн давтамжтай орсон цас хатуурч, зам даваа хаагдсан, шөнөдөө 35-40 градус хүйтэн хонож буй нөхцөл байдлаас шалтгаалан өлдсөн сарлаг, нэг наст мал голдуу сүүлийн долоо хоногт ихээр хорогдож буйг сумын Онцгой комиссын дарга М.Батбаяр ярив. 


Аймгийн Онцгой комиссын дарга Заг сумын Онцгой комиссыг хуралдуулан, өвс, тэжээлийн нөөцийг тасралтгүй хангах талаар үүрэг чиглэлийг өгч, зарим дэмжлэгийг хүргэлээ.


Заг сумын Онцгой комисст нөөц бололцоогоо ашиглан нийт 5000 боодол өвсийг бүрдүүлэн сумандаа татан төвлөрүүлж, малчдаа хангахыг үүрэг болгов. Мөн энэ үеэр малчдын эрүүл мэндэд онцгой анхаарч ажиллахыг комиссын гишүүдэд анхааруулав.


Тус сумын ИТХ-аас цас зудыг хохирол багатай даван туулахад давсан орлогоос 100 сая төгрөгийг баталж, үйл ажиллагаандаа зарцуулж байгаа аж. Сумын онцгой комиссын хурлын үеэр Г.Эрхэмбаяр захиралтай "Фүүл комплет констракшн" ХХК Заг сумын малчдад 10 сая төгрөгийн үнэ бүхий 500 боодол өвс хандивлалаа. 


Баянхонгор аймгийн хэмжээнд өвөлжилт, хаваржилт хамгийн их хүндэрсэн Гурванбулаг сум 152 мянган малтай. Үүнээс албан байдлаар мэдэгдсэн нь 15700 гаруй толгой мал зүй бусаар хорогджээ.


Уул болон талд гарсан адуу, сарлаг үхрийн хорогдол хэр хэмжээнд хүрснийг одоогоор тоолох боломж хомс, 432 малчин өрхөөс огт малгүй болсон дөрвөн айл байгаа бол малын 70-80 хувийн хорогдолтой 15 өрх байгаа аж. 


Цасны зузаан, хэт хүйтний улмаас хүрч ажиллаж чадахгүй айл өрхүүд олон, байнгын нүүдэл суудлын улмаас түлшний болон бэлэн мөнгөний хомсдолд малчид оржээ. 


Нөхцөл байдалтай Баянхонгор аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Д.Мөнхсайхан танилцаад тодорхой арга хэмжээг авахаар шийдвэрлэв. Сумын Онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, давсан орлогын хүрээнд ИТХ-аас баталсан 70 сая төгрөгийг зудыг даван туулах арга хэмжээнд зарцуулж байна. 


Энэ сарын 15-ныг хүртэл өвсний нийт хэрэгцээгээ тооцоолж, өвс тэжээлийн нөөцийг цаг хугацаа алдалгүй сэлбэж хангалттай байлгахад анхаарч, нийт 6000 боодол өвс бүрдүүлэх, малчдын эрүүл мэндэд анхаарал хандуулах, зохион байгуулалтын ажлаа оновчтой шуурхай зохион байгуулахыг сумын Онцгой комисст үүрэг болгов.


Холбоотой мэдээ