ЗАВХАН: Ингэний сүү, цагаан идээг боловсруулах аргыг өвлүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-01 15:08:08

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Завхан аймаг өнгөрсөн жил хөдөө аж ахуйн сэргэлтийн бодлогоо тодорхойлж хоёр суманд ингэний ферм байгуулахаар төлөвлөсөн.


Тус аймаг хөдөө аж ахуйн сэргэлтийн 10 бодлогыг тодорхойлж, мал аж ахуйн салбарт ажиллаж буй малчид, тариаланчид, мэргэжилтнүүдэд танилцуулжээ.


Тухайлбал, Завхан аймгийн хөдөө аж ахуйн салбарыг судалгаа тооцоололд тулгуурлан хөгжүүлэх бодлого баримтална. Хөдөө аж ахуйг дэмжсэн зээлийг хавтгайруулахгүй төвлөрүүлнэ.

Мөн Дөрвөлжин, Ургамал суманд ингэний ферм байгуулах судалгаа хийжээ..
Ингэний ферм байгуулахаар төлөвлөсөн дээрх хоёр сум нь аймагтаа хамгийн олон тэмээтэй сумд юм.
Дөрвөлжин сум гэхэд тэмээгээ өсгөн үржүүлэхэд онцгой анхаарч тэмээний тоо толгойд татвар ногдуулаагүй байна.


Мөн энэ жил аймагтаа хамгийн олон буюу 2553 тэмээ тоолуулжээ. Сумын зургаан багаас Онц баг 876, Тавантолгой баг 877 тэмээ тоолуулж, хамгийн олон тэмээтэй багууд болжээ.


Харин Ургамал сум жилийн эцсээр нийт 2123 тэмээ тоолуулжээ.
Тус сумын Хульж баг хамгийн олон тэмээтэй бөгөөд 939 тэмээ тоолуулсан байна. Ургамал сумын хамгийн олон тэмээтэй залуу малчин өрх Хульж багийн малчин Х.Ганзоригийнх аж. Тэднийх нийт 241 толгой тэмээ тоолуулсан байна.


Ургамал сумын тэмээчид залуу малчдад тэмээг өсгөн үржүүлэх уламжлалт аргуудаа өвлүүлэхээс гадна ингэний сүү, цагаан идээг боловсруулах технологийг өвлүүлэн үлдээж буй.

Аймагтаа байнгын ингэний хоормогтой байдаг сум бол ганц Ургамал сум.


Ялангуяа Ургамал сумын Нуур зөөхий багийн малчин, тэмээчин Б.Баярсайханых ингэний сүү, хоормог, цагаан идээгээрээ алдартай аж.
Сум аймгийн аварга малчны амжилтыг хэдэнтээ давтсан Б.Баярсайханых 300 орчим тэмээтэй бөгөөд ингэний сүүгээрээ хоормог, ааруул хурууд, тараг, аарц, ингэний сүүн ундаа, цийдэм хийж орон нутгийнхаа иргэдийн хэрэгцээг хангаж байна.


Мөн зарим жил хоормогоо зэргэлдээ сумд болон аймгийн төвд борлуулдаг аж.
Хол, ойроос хоормогийн захиалга тасардаггүй байна. 

Ингэний сүүний найрлага нь уураг, альбумин, глобулин их хэмжээтэй, өөх тос амин дэмээр баялаг.

Тухайлбал, ингэний сүү нь тос, уургийн агууламжаар маш баялаг /тос 6%, уураг 5%/, В,С аминдэмээр үнээний сүүнээс их, уургийн бүрэлдэхүүн дэх ээдэмцэр, альбумины харьцааны хувьд гүүний сүүтэй ойролцоо байна.

Гэрэл зургуудыг: Н.Сүхбат



Холбоотой мэдээ