Эрчим хүчтэй холбоотой CO2-ын ялгарал түүхэн дээд түвшинд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2024-03-01 16:17:59

ПАРИС, 2024 оны гуравдугаар сарын 1 /AFP/. Эрчим хүчний үйлдвэрлэлээс ялгарах нүүрстөрөгчийн давхар ислийн /CO2/ хэмжээ 2023 онд түүхэн дээд түвшинд хүрсэн хэдий ч цэвэр технологиудыг өргөнөөр ашиглаж байгаагийн ачаар хорт хийн ялгарлын өсөлт өмнөх жилүүдийнхээс удааширлаа гэж Олон улсын эрчим хүчний агентлаг /ОУЭХА/ мэдэгдэв.


Эрчим хүчний салбараас ялгарах CO2-ын хэмжээ 2023 онд 1.1 хувь буюу 410 сая тонноор нэмэгдэж, 37.4 тэрбум тонн болж түүхэн дээд түвшинд хүрчээ. Гэхдээ 2022 онд 490 сая тонноор нэмэгдэж байсантай харьцуулахад багассан үзүүлэлт гэдгийг ОУЭХА-аас жил тутам гаргадаг тайланд дурджээ.


Нарны хавтан, салхин сэнс, цөмийн эрчим хүч, цахилгаан машин зэрэг технологи байхгүй байсан бол сүүлийн таван жилийн хугацаанд дэлхий даяар эрчим хүчтэй холбоотой CO2-ын ялгарлын өсөлт 900 сая тонноос гурав дахин их байх байжээ.


Өнгөрсөн онд CO2-ын ялгарлын өсөлтийн 40 гаруй хувь нь Хятад, АНУ, Энэтхэг болон бусад орнуудад нүүрлэсэн ган гачгийн улмаас усан цахилгаан станцын үйлдвэрлэл буурч, нүүрс ашиглахаас аргагүйд хүрсэнтэй холбоотой. Хэрэв усны хомсдол үүсээгүй бол зөвхөн эрчим хүчний үйлдвэрлэлээс үүдэлтэй нүүрстөрөгчийн ялгарал өнгөрсөн онд буурах тооцоотой байжээ.


2023 онд Хятад, Энэтхэгт эрчим хүчний салбарын нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарал өссөн бол эдийн засаг нь өсөлттэй гарсан өндөр хөгжилтэй орнуудад түүхэнд байгаагүй хэмжээгээр буурсан байна. Нүүрсний эрэлт 1900-гаад оны эхэн үеэс хойш ажиглагдаагүй түвшинд хүрч багассанаар тэдгээр орнуудын ялгаруулж буй хэмжээ сүүлийн 50 жилийн доод түвшинд хүртлээ буурчээ.


Өнгөрсөн онд түүхэнд анх удаа өндөр хөгжилтэй орнуудад үйлдвэрлэсэн эрчим хүчний тал хувийг нь сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч зэрэг утаа багатай эх үүсвэрүүд бүрдүүлжээ. Хятад улсын хувьд ялгарлын нэмэгдсэн хэдий ч 2023 онд нарны эрчим хүчний хүчин чадлыг 2022 онд дэлхий даяар нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нэмэгдүүлсэн байна.


ОУЭХА-ийн тэргүүн Фатих Биролын хэлснээр, цэвэр эрчим хүчинд шилжих үйл явц сүүлийн таван жилийн хугацаанд хэд хэдэн томоохон сорилттой тулгарсан хэдий ч дахин сэргэх боломжтой гэдэг нь харагдлаа. "Цар тахал, эрчим хүчний хямрал, геополитикийн тогтворгүй байдал нь илүү цэвэр, илүү аюулгүй эрчим хүчний тогтолцоог бий болгоход сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй байсан боловч олон улс оронд нөхцөл байдал нааштай байгааг бид харлаа" гэж тэрбээр хэлэв.  

 


 

Холбоотой мэдээ