ДУНДГОВЬ: Засгийн газраас 5 суманд туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-03-04 16:47:09
altantogos

Мандалговь, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Дундговь аймгийн өвөлжилт, хаваржилт хүндэрч, цас, зудтай байгаа 5 сумын Засаг даргын Тамгын газарт туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өглөө.


2024 оны хоёрдугаар сарын 28-нд хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбогдуулан багц шийдвэр гаргасны дотор орон нутгийн малчдад тусламж, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор зарим сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авахад шаардагдах 15 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн юм.


Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханыг тус аймагт ажиллах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хаваржилт хүндэрсэн сумдад автомашины тусламж үзүүлэх санал тавьсны дагуу Дэрэн, Дэлгэрцогт, Луус, Өндөршил, Гурвансайхан сумын ЗДТГ-т ийнхүү 5 машин хүлээлгэн өгчээ.   


2 дугаар сарын 29-ний зудын үнэлгээгээр Дундговь аймгийн хэмжээнд 8 суманд мөсөн буюу төмөр зудын, 6 суманд цагаан зудын, 1 суманд цагаанаар зудархуу байгааг УЦУОШТ-өөс мэдээлсэн. Тодруулбал, Өлзийт, Эрдэнэдалай, Адаацаг, Цагаандэлгэр, Дэрэн, Өндөршил, Дэлгэрцогт, Сайнцагаан суманд цасны нягт 0.35-0.72 г/см3 хүрч мөсөн (төмөр) зудын, Сайхан-Овоо, Хулд, Луус, Баянжаргалан, Говь-Угтаал, Дэлгэрхангай суманд цагаан зудын нөхцөл бүрдсэн байна. Харин Гурвансайхан сум цагаанаар зудархуу нөхцөлтэй байгаа юм. Тус байгууллагын мэдээлснээр өнөөдөр Дундговь аймгийн аймгийн нутгаар үүлэрхэг, Эрдэнэдалай, Сайхан-Овоо, Дэлгэрхангай суманд бага зэргийн цас орж, салхи зүүн хойноос 4-9 м/с, агаарын температур -4-9 градус хүйтэн байна.


2024 оны 3 дугаар сарын 8-наас нийт нутгаар дулаарах тул шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 



Холбоотой мэдээ