ЗАВХАН: Ан амьтдын тархац нөөцийн судалгааг жил бүр хийх нь чухал байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-03-04 16:57:03

Улиастай, 2024 оны гуравдугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн хэмжээнд ан амьтны тархац нөөцийн судалгаа ховор бөгөөд улсын тусгай хамгаалалттай газрууд, голуудын ай сав газарт л ан амьтдын судалгааг хийжээ.


Мөн аймгийн хэмжээнд тархсан зарим хөхтөн амьтдын судалгааг Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнгийн эрдэмтэд 2002 оноос эхлэн тодорхой давтамжтай хийсэн байна.


Завхан аймаг нь амьтны газарзүйн мужлалаар Баруун хойд Монголын тойрогт хамаарах бөгөөд энд өндөр уул, ойт хээр, хээрийн бүсийн амьтад тохиолддог, зүйлийн бүрдлийн хувьд баялаг юм.


Тухайлбал, баавгай, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, аргаль, янгир, ирвэс, чоно, үнэг, хярс, мануул, дорго, шилүүс, туулай, чандага, тарвага, цагаан болон хар сүүлт зээр зэрэг ан амьтантай.


Ойн болон өндөр уулын, тал хээрийн, нүүдлийн шувуу ирдэг. Хойлог, ятуу, хур сойр, хун, хотон, нислэг сар, тас, шонхор зэрэг ховордсон шувууд бий. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл нэн ховор хөхтний зүйлүүдээс Отгон, Алдархаан, Шилүүстэй сумын нутаг, Отгонтэнгэрийн дархан цаазат газраар цоохор ирвэс, Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг байна.


Түүнчлэн Монгол оронд эрс ховордсон ирвэс, аргаль, янгир, халиун буга, хүдэр зэрэг ан амьтад Отгонтэнгэр ууланд тархсан байна.

Байгаль хамгаалах ажлын салшгүй нэгэн хэсэг нь тухайн бүс нутгийн экологийн цогц мониторинг, түүний үр дүнд үндэслэсэн оновчтой менежмент юм.


Монгол орны биологийн зүйлийн олон янз байдлын бүртгэл судалгаа хараахан бүрэн төгс болоогүй байгаагаас гадна, Монгол орны ялгаатай бүсэд тархсан, экологи болон эдийн засагт чухал ач холбогдолтой хөхтөн том амьтад болон ургамлын биологи, экологийн урт хугацааны мониторинг судалгаа ховор байна.


Хэдийгээр судлаачид байгаль орчны өөрчлөлтийг тасралтгүй аль болох олон давтамжтайгаар судлах сонирхолтой байдаг ч цаг хугацаа, хүн хүч, төсөв санхүүгийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалан урт хугацааны мониторинг хийх боломжгүй байдаг. Харин манай байгаль хамгаалагч нар өдөр тутмын ажлаа хийж байх үедээ хамгийн үнэн бодит, үнэтэй судалгааны мэдээ хэрэглэхүүн цуглуулах бүрэн боломжтой байдаг гэж аймгийн БОАЖГ-аас мэдээлэв. 


Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаанаас гэхэд Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газар нутаг дахь ховор зүйлүүдийн байршил, тархалт тэдгээрийн тоо толгойг тогтоох судалгааг хамгийн сүүлд 2020, 2023 онд хийжээ.

Холбоотой мэдээ