Таиландад хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-09-30 18:46:37

БАНГКОК. /Xinhua/. Шумуулаар дамждаг “зика” вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн хоёр тохиолдол Таиландад бүртгэгджээ.

Энэ нь Зүүн Өмнөд Азид уг вирусийн халдварын улмаас хэт жижигхэн толгойтой хүүхэд төрсөн анхны тохиолдлууд юм.

Холбогдох албаны хүмүүс өнөөдөр мэдэгдэхдээ “есдүгээр сард хэт жижигхэн толгойтой хүүхдүүд төрсөн” гээд “хүүхдүүдийн эхчүүд жирэмсэн байхдаа “зика”-гийн халдвар авсан болох нь цусны болон бусад шинжилгээгээр тогтоогдсон” гэв.

Насанд хүрсэн хүн "зика" вирусийн халдвар авсан тохиолдолд ноцтой хүндрэл учрахгүй боловч жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авсан тохиолдолд тархины төрөлхийн хүнд хэлбэрийн гажигтай, хэт жижигхэн толгойтой хүүхэд төрдөг юм. Энэ вирус 2015 оны хавар Бразилд тархаж эхэлсэн билээ.
Таиландад энэ оны нэгдүгээр сараас хойш “зика”-гийн халдварын 300 гаруй тохиолдол бүртгэгдээд байна.

Тус улсын засгийн газар вирусийн гаралтай энэ өвчний тархалт газар авахаас урьдчилан сэргийлэхийн тулд шумуулыг устгах зэрэг арга хэмжээг авч байгаа ажээ.

Таиланд, Сингапур болон “зика” тархсан бусад улс руу онцын шаардлагагүй бол явахгүй байхыг жирэмсэн эмэгтэйчүүдэд улс орнууд, тэдгээрийн дотор АНУ болон Япон зөвлөж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ