Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох төсөл хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-13 15:37:03

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга А.Нарантуяа “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллагын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч хатагтай Манон Леларжетай уулзлаа.


Уулзалтаар Франц Улсын Гадаад хэргийн яамны хөрөнгө оруулалтаар “WIFI” буюу Хот, хөдөөг махны өртгийн сүлжээгээр холбох нэртэй 800 мянган еврогийн санхүүжилттэй төслийг Баянхонгор аймгийн дөрвөн суманд хэрэгжүүлэх талаар ярилцав.


Төслийн зорилго нь хотын хүн амыг хүнсний аюулгүй байдал болон чанар стандартын шаардлага хангасан мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангахад дэмжлэг үзүүлэх юм. Иймд мал эрүүлжүүлэх, мөрдөн мөшгих тогтолцоог хэрэгжүүлэх, орон нутгийн малын эмч нар, малчдыг эрүүл, стандартын шаардлага хангасан малын гаралтай бүтээгдэхүүн бэлтгэх чиглэлээр мэдлэг олгох аж. Энэ ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг хүсэж, төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар болсныг ХХААХҮЯ мэдээллээ.


Франц Улсад төвтэй “Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид” олон улсын байгууллага нь манай улсын хөдөө аж ахуйн салбарт 2004 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна.

 

Холбоотой мэдээ