Эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэхийн тулд тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-15 09:21:33

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Нийслэл маань инженерийн дэд бүтцээ сайжруулахгүйгээр хөгжих боломжгүй болсныг “Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форумын “Дэд бүтэц-Эрчим хүч, дулаан хангамж” хуралдааны үеэр онцоллоо.


Одоогоор дулааны II, III, IV станц, Амгалан ДС нийслэлийн 13.5 мянга гаруй барилгыг эрчим хүчээр хангаж байна. Сүүлийн жилүүдэд жилд дунджаар 221-244 МВт-н хэрэглээ бүхий 300 орчим барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогдож, эрчим хүчний хэрэглээ 7-8 хувиар тогтмол өсөж байна. Цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан болон үерийн далан шугам хоолойны 24-67 хувь нь хуучирсан. Нийслэлийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2030 он гэхэд 3328 МВт-д хүрч, 1848 МВт цахилгаан эрчим хүчний дутагдалд орох тооцоо байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.


Эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, шийдлийн талаар оролцогчид байр сууриа илэрхийллээ.

Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, “Нийслэлийн эрчим хүчний оргил ачаалал энэ өвөл 1058 МВт-д хүрсэн. Ирэх өвөл БНХАУ-аас импортолж буй цахилгаан эрчим хүчийг 70-80 МВт-аар нэмэхээр бэлтгэж байна. Мөн Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний ээлжийн 150 МВт ашиглалтад орсноор ирэх өвлийн ачааллыг давна. Эрчим хүчний тарифаас шалтгаалж энэ салбарт либералчлал хийхэд хүндрэлтэй байна” гэв.


Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг, “2023 онд давхардсан тоогоор хоёр сая хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарласан. Үүний цаана их хэмжээний эдийн засаг, ажлын бүтээмж алдагдаж байгаа тул ЭХЯ, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд хамтран асуудлыг шийдэх ёстой. Эрчим хүчний үнэ тарифын бодлогыг өөрчлөх цаг болсон. Өнөөдөр 1 КВт эрчим хүчийг 4-5 центээр ашиглаж байна. Гэтэл 1 КВт эрчим хүчийг 7-8 центээр үйлдвэрлэдэг. Энэ үнийн зөрүүнээс эрчим хүчний нэмэлт эх үүсвэр бий болгох боломж хумигдаж байна. Тарифын энэ бодлогоос шалтгаалж тус салбарт хийх хөрөнгө оруулалтыг чөдөрлөж байна. Энэ салбарт хувийн хэвшлийн оролцоог нэмэхийн тулд үнэ тарифын бодлогыг өөрчлөх хэрэгтэй”-г ярьсан юм.


“Бодь интернэшнл” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Долгормаа, “Манай компани Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төслийг 2011 оноос судалж, 2022 оны 7 дугаар сард барилга угсралтыг эхлүүлсэн. Нийт 600 МВт-н хүчин чадалтай станц барих, дөрвөн үе шаттай хэрэгжих төсөл юм. Хүрэн нүүрсний ордод суурилж, усны эх үүсвэртэй ойр байгуулж байгаа. Улаанбаатар хоттой ойр буюу 120 км-ийн зайд хэрэгжиж буй төсөл юм. Эхний 150 МВт-н барилга угсралт 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байгаа, ирэх 10 дугаар сард албан ёсоор ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Монгол Улс шиг дэд бүтэц, аж үйлдвэржилт хөгжих шаардлагатай улсад эрчим хүчний эх үүсвэр хямд, найдвартай, бие даасан, тогтвортой байх шаардлагатай”-г тэмдэглэлээ.


“Юрика” ХХК-ийн үүсгэн байгуулагч Э.Орчлон, “Форумаар эрчим хүчний салбарыг онцолж байгаа нь маш зөв. Нийслэлийн эрчим хүчний хэрэглэгчдийг бүсчлэлээр нь ангилж, тарифын тогтолцоог боловсруулна. Эрчим хүч хэрэглэгчдийн хэрэглээний ялгаа, төрлийг зөв таньж, ангилж чадвал тарифын тогтолцоо ч органикаар тодорхойлогдоно” гэдгийг онцлов.

Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Эрчим хүчний төслийн зөвлөх Найто Такеши, “Нийслэлийн эрчим хүчний хангамжид манай төсөл дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаа. IV цахилгаан станцын тоног төхөөрөмжүүд хуучирч, 30-аас дээш жил болсон. Нүүрсний эрчим хүч үйлдвэрлэгч цахилгаан станц харьцангуй тогтвортой ажиллагаатай байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь байгалийн нөхцөл байдлаас хамаардаг. Сэргээгдэхээр үйлдвэрлэсэн эрчим хүчийг хадгалж, ашиглахад батарейн систем үр дүнтэй гэв.

 

Холбоотой мэдээ