Зэсийн баяжмалыг биржээр арилжих анхны хэлцлийн саналыг Вьетнам улсаас ирүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-18 15:43:37

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Зэсийн баяжмалыг биржээр арилжих тухай Засгийн газрын тогтоол энэ оны хоёрдугаар сард гарсан. Энэ талаар хувийн хэвшил болон гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт танилцуулах, оролцогч талуудад зэсийн баяжмалын арилжааны нөхцөлийг мэдээлж санал авах уулзалт хэлэлцүүлгийг УУХҮЯ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Туушин” зочид буудалд өнөөдөр зохион байгууллаа.


Уулзалтаар зэсийн баяжмалыг биржээр арилжихтай холбоотойгоор итгэмжлэл хийх, лабораторийн болон агуулахын хүчин чадал, спот болон форвард худалдаа гээд биржийн эргэн тойронд, арилжаатай холбоотой зүйлүүдийг хэлэлцсэн юм.


Өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар биржээр 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмалыг арилжиж, 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийжээ.


Уул уурхайн биржийн тухай хууль манай улсад 2 дахь жилдээ хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд нүүрс, төмрийн хүдрийн баяжмал болон жоншны баяжмалыг биржээр цахимаар арилжиж, өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар биржээр 14.9 сая тонн нүүрс, 604.8 мянган тонн төмрийн баяжмалыг арилжиж, 2.2 тэрбум орчим ам.долларын борлуулалт хийжээ.

Ингэснээр тухайн эрдэс баялгийн үнэ өссөн. Мөн экспортод гаргаж буй уул уурхайн бүтээгдэхүүн биет хэмжээ болон төсвийн орлого нэмэгдэж,  олборлолт болон экспортын төлөвлөгөөг биелүүлэхэд биржийн арилжаа нөлөөлж, чухал үүрэг гүйцэтгэжээ.

Тэгвэл 2024 оноос зэсийн баяжмалыг арилжиж эхлэх гэж байна. Гэхдээ яг хэзээ арилжих талаар УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатараас тодруулахад, өнөөдр хийж буй анхны уулзалт хэлэлцүүлгээс ихээхэн шалтгаална гэж хариуллаа.



“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 50 мянган тонн зэсийн баяжмалыг биржээр арилжина. 

Нийт зэсийн баяжмалын 30-50 хувийг биржээр арилжиж эхэлнэ.



Тэрбээр зэсийн арилжаа нь хэн нэгэн даргын нөлөөгөөр, таньдаг хүн, компани болон хөндлөнгийн зуучлагчаас хамаарсан, эрх ашгийн зөрчилгүйгээр, нүүрснийхтэй адил ил тод, нээлттэй байж, ойлгомжтой зарчим үйлчилнэ. Монгол Улсад орж ирэх зэсийн баяжмалын өгөөжийг нэмэгдүүлдэг, тийм тогтолцоонд шилжихийг зорьж байна гэв. Тэрбээр ингэхдээ, өмнө нь 30 сая тонн байсан нүүрсний экпорт 70 сая тонн болж нэмэгдсэнийг дурдаж байлаа.


Арилжаанд оролцох, худалдан авах талын сонирхол их олон байна. Эрэлт байна гэдгийг хэллээ. Уулзалт, хэлэлцүүлэгт уул уурхайн салбарын, гадаад, дотоодын 200 төлөөлөл оролцлоо. Энд Европын холбооны улсууд болон БНХАУ-ын худалдан авагч төлөөлөл олноор ирсэн байв.

Тэдний нэг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Жүнтяошань” группын дэд ерөнхийлөгч Рубин Бай хэлэхдээ, “Манайх Хятадын хамгийн хойд талын бүсэд үйл ажиллагаа явуулдаг. 1956 онд байгуулагдсан, одоо зэс хайлуулах 2 том үйлдвэртэй, мөн гүнийн далд уурхайн ажиллуулдаг, хөрөнгийн биржид гарсан компани юм.


Монгол Улсын “Эрдэнэт” үйлдвэр болон “Оюутолгой” компанитай хамтран ажиллаад 10 гаруй жил болж байна. Энэ удаа Монголд, зэсийн хэлэлцүүлэгт нэгдүгээрт, зэсийн баяжмалын дуудлага худалдаан оролцох, хоёрт, байжуулах үйлдвэрийн талаар туршлагаа хуваалцаж дэмжиж туслаж зөвлөх байдлаар ирээд байна” гэв.


Манай улсад өнөөдөр зэсийн баяжмалыг “Эрдэнэт үйлдвэр” болон “Оюутолгой” компани экспортод гаргаж буй бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ зэсийн баяжмал худалдан борлуулах гэрээнүүдийг урт хугацаагаар хийсэн тул эхний ээлжинд тус үйлдвэрийн нийт зэсийн баяжмалын 5-10 хувийг борлуулах боломжтой байгаа аж.

Дараа дараагийн жилүүдэд 20-50 хувь гээд нэмэгдээд явах нь. Нүүрсийг биржээр арилжиж эхэлснээс хойш “Эрдэнэс Тавантолгой” компани гэхэд нийт экспортын гаралт 40 хувьд хүрээд буйг УУХҮ-ийн сайд дуулгасан юм. “Оюутолгой” компанийн хувьд энэ жилийн гэрээгээ мөн урт хугацаагаар хийсэн учир ирэх жилээс биржид оролцон борлуулж эхлэх аж.


Монголын Хөрөнгийн бирж ХК-ийн Үйл ажиллагааны газрын захирал И.Жавхлан хэлэхдээ, манайх нүүрснээс гадна хамгийн сүүлд өнгөрсөн оны 9 дүгээр сараас төмрийн хүдрийн баямжмалыг арилжиж эхэлсэн. Тиймээс одоо зэсийн баяжмалыг арилжихад технологийн болон дэд бүтцийн хувьд бэлэн. Зэсийн баяжмал арилжих талаар гарсан Засгийн газрын шийдвэрийн дагуу бэлтгэл ажлаа хангаад явж байна гэв.

Тэрбээр, өнөөдрийн байдлаар Монголын Хөрөнгийн биржийн арилжааны цахим системд 270 гаруй худалдан авагч бүртгэлтэй байгаагийн 90 гаруй хувийг БНХАУ-ын, бусад худалдан авагч нар нь Казахстан, Хонгконг болон БНСУ-ынх байгааг мэдээллээ. Зэсийн баяжмалыг арилжиж эхэлснээр дээрх худалдан авагчдын тоо нэмэгдэнэ гэв. Үүнтэй холбоотой анхны саналыг Вьетнам улсын таваарын биржээс ирүүлж хамтран ажиллахаар болоод буйг дуулгалаа. 



Холбоотой мэдээ