Модны амьдралт 70 орчим хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-03 11:06:29

Баянхонгор сумын Түйн голын сав дагуу 3000 ширхэг мод тарих, хашаа хамгаалалт хийх ажлыг энэ оны 5дугаар сард хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус 8.1 км  талбайд хашаа хамгаалалт хийж тарьсан 3600 ширхэг бургаснаас 2535 ширхэг бургас ургаж, модны амьдралт 70.4 хувьтай байгаа аж.

Түйн голын ай савыг хамгаалах олон наст зүлэгний талхагдалыг бууруулах, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, голын усны ундаргыг нэмэгдүүлэх зорилгоор тус ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Оготнотой булгаас Эрдэнэцогтын гарам хүртэл 3.8 км-ийн урттай 10 метрийн өргөтэй талбайг 447 ширхэг шон суулгаж, 3800 метрийн урттай тор татаж хамгаалалтыг хийн нийт 3600 бургас тарьж, усалгаа арчилгаа хийж буй аж. Гүүрнээс хүндэтгэлийн хаалга хүртэл мод тарих зорилгоор 4.3 км урттай, 20 метрийн урттай тор татаж хамгаалалт хийжээ.

Ойн зурвас байгуулах ажлын гүйцэтгэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын газраас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж хийсэн хашаа хамгаалалт, тарьсан мод сөөгийг тоолж, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, ургаж байгаа модны амьдралтын хувийг тогтооход дээрх дүн гарсан байна.

Оготнотой булгаас дээш тор татан тарьсан модыг адуу, сарлаг болон хонь, ямаа ихээр орж, торыг тасдаж, шонг шөргөөж унагаах зэргээр тарьсан модыг ихээр сүйтгэж байгаа тул тэр хавийн малтай иргэдийн малыг аймгаас гаргах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Мөн "Хашаа хамгаалалтыг сайжруулах, торыг чангалах, мал оруулахгүй байх, тарьсан модны ургаагүй хатсан хэсгийг тайрах, ургаагүй 1065 ширхэг суулгацыг энэ сард нөхөн тарилт хийх, цаашид 3 жилийн хугацаанд усалгаа, арчилгааг хариуцан ажиллаж тарьсан модыг 75 хувиас дээш амьдралттай байлгах" талаар зөвлөжээ.

 

                                                                                                                            Б.Мөнхзул

Холбоотой мэдээ